Б.Анхилам
07 сарын 17, 2021
БНХАУ энэ оны сүүл гэхэд нийт хүн амын 64 хувийг вакцинжуулсан байх зорилт тавьжээ.
Үүний хүрээнд хэд хэдэн хотууд эмнэлэг, супермаркет зэрэг олон нийтэд үйлчлэх журамтай байгууллагуудаар үйлчлүүлэх хүмүүс бүгд вакциндаа хамрагдсан байх шаардлагатай хэмээжээ.
Гуанши мужийн Бэйлю хотын зүгээс энэ долоо хоногийн эхэнд мэдэгдсэнээр “Вакциндаа хамрагдаагүй хүмүүс яаралтай вакцинаа хийлгэхгүй бол хүүхдийн тань хичээл сургуульд нөлөөлөх болно” хэмээгээд энэхүү шаардлага бүх насны сурагчдад хамаатай болохыг сануулжээ.
Үүнтэй адилаар Жианши болон Хэнан мужийн удирдлагууд ч гэр бүлийн гишүүд нь вакциндаа бүрэн хамрагдсан сурагчдыг л ирж буй хичээлийн жилд хүлээн авахаа мэдэгдсэн байна.
Гэвч вакцины шаардлагууд нь аль муж, аль хотод амьдарч байгаагаас шалтгаалан янз бүр байгаа юм.
Хэбэй мужийн хойг хэсэгт байрлах бүсэд л гэхэд 12-17 насны сурагчид өөрсдөө вакциндаа бүрэн хамрагдсан байж гэмээнэ хичээлдээ явах боломжтой бөгөөд бусад насны сурагчдад ямар шаардлага тавьж байгаа нь тодорхойгүй байна.
Харин Шанси мужийн Ханчен хотод л гэхэд вакцинд хамрагдаагүй хүмүүс зочид буудал, ресторан, соёл үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх эрхгүй болохыг сануулжээ.
Эдгээр шаардлагууд ихэнх мужид наймдугаар сарын эхнээс хэрэгжиж эхлэх гэнэ.
Ард иргэдийн зүгээс тэдгээр шийдвэрийг шударга бус гэж үзэж байгаа бөгөөд нэгэн хүний бичсэнээр “Эхэндээ тэд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэж байсан ч одоо болохоор бүх л газарт вакцин шаардагдаж байна” хэмээжээ.
БНХАУ-ын эрүүл мэндийн албаны мэдээлэлж байгаагаар ард иргэдийг вакцин хийхэд сэдэлжүүлэх ч хийлгэх эсэх нь тэдний сонголтын хэрэг гэжээ.
Гэсэн хэдий ч тус байгууллагын харьяа мужийн эрүүл мэндийн байгууллагууд аль болох олон хүнийг вакцинд хамруулах үүрэг авсан аж.
Эх сурвалж: Microsoft News
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.