Б.Анхилам
08 сарын 31, 2021
Залхуурал гэдэг клиник депрессээр өвдсөн хүмүүсийн эхэн үедээ өөрөөсөө асуудаг сэдвүүдийн нэг. Ямар ч зүйл хийх хүсэлгүй тэд өдөржин хэвтэхдээ энэ бүхэн ердөө л залхуурлаас болж байна уу эсвэл депресс үү гэдгийг ялгадаггүй. Өнгөн талдаа депресс, залхуурал хоёр төстэй харагдах нь ч бий.
Гэхдээ учир шалтгааныг нь сайтар судлавал энэ хоёрыг ялгаж салгах тийм ч төвөгтэй биш.
Депресс бол маш ноцтой, хүнийг юу ч хийх хүсэл чадваргүй болгодог сэтгэцийн өвчин бөгөөд дан ганц өвчтөнд бус түүний эргэн тойрны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэнд нь хүртэл нөлөөлдөг ба ажил олгогч нарын хувьд цаг, мөнгө, ажлын үр бүтээлээр хэжигдэхүйц гарлагатай билээ.
Депрессээр өвдсөн хүн болоод залхуурч хэвтээ хүн хоорондын гол ялгаа нь депресстэй хүн залхуу байхыг хүссэндээ тийм байдаггүй. Энэ нь тэдний хяналтаас гадуур зүйл ба зүгээр л нэг өдөр “би депресст орчихлоо” гээд өөрийгөө дүгнээд өнгөрчихдөг эд биш.
Харин залхуурал бол өөр хэрэг. Хүн залхуурлыг өөрөө сонгодог юм. “Өө, гэрээ цэвэрлэх юм байна. За за, маргааш л болъё” гээд л болчихдог. Энэ бол хүний сонголтын асуудал бөгөөд тухайн хүн гэрээ цэвэрлэхийн оронд өөр зүйлс хийхийг илүүд үзэх хэрэг.
Гэтэл нөгөө талд, депресст орсон хүн өөрийн гэрийг заваан, замбараагүй байгааг ч анхаарах сөхөөгүй байдаг ба өөрт юу тохиолдсон учрыг ч сайтар олдоггүй.
Залхуурал гэдэг гэмт хэрэг биш хэдий ч депресс мэтийн сэтгэцийн ноцтой өвчинтэй андуурагдаад байхаар зүйл ч биш юм.
Сэтгэл судлалын үүднээс авч үзэхэд депресс залхуурал шиг хоёр гурван өдөр л илрээд болчихдоггүй, дор хаяж хоёр долоо хоног юм хийх хүсэл, тэнхэл, чадалгүй болсон тохиолдолд депресст оржээ гэж үздэг байна. Депресст орсон хүмүүст тулгардаг нэг асуудал нь тэд өөрсдөдөө юу болоод байгааг мэдэхгүй, тийм байдалтай маш удаан хугацаагаар явдаг учир тусламж хүсэх нь ховорхон байдаг. Тэд амьдрах хүсэлгүй, санаа зовох зүйлгүй, цаг хугацаа, ажил, мөнгө, хариуцлага гээд юуг ч хайхрах тэнхэлгүй маш удаан хугацааг өнгөрүүлдэг юм.
Эх сурвалж: Psych Central
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.