Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 01-нд нийт 455 хүнд шинжилгээ хийсэн. 453 хүнээс нь коронавирус илрээгүй. Хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Эдгээр нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчид. 

Өчигдрийн шинжилгээнд 8 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 246 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 эмч, ажилтны шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, эдгэрээд сувилалд шилжсэн 9 хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 65 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, АНУ руу нисэх онгоцны баг болох 16 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 60 хүний шинжилгээ хамруулсан. Эдгээрийн хариу бүгд сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эдгэрсэн. Одо ХӨСҮТ-д 63 хүн эмчлэгдэж байна. Тэдний 60-ынх нь биеий байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 88 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Ирсэн бүх хүний шинжилгээг бямба, ням гараггүй үргэлжлүүлэн хийж байна.

Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц 17:03 цагт газардсан. Уг нислэгээр 260 хүн ирсэн. Нэгийг нь сэжигтэй гэж үзэжн ХӨСҮТ-д тусгаарласан. Эдгээр хүний шинжилгээг өнөөдөр хийнэ" хэмээн мэдээллээ.