А.Энхтогтох: Өмнөхөө үгүйсгэдэг бус амжилтаа уламжилж, авч үлдэх шийдлүүдээ гаргадаг байх нь чухал

Д.Даваадулам
01 сарын 13, 2022

“КОВИД-19 цар тахалтай холбоотой хичээл сургууль хааж буй боловсролын салбарт тохиолдсон үзэгдлийг ЮНЕСКО дан ганц сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл”хэмээн тодорхойлсон. Энэ хямралаас гарах нь улс орон бүрийн тулгамдсан асуудлын нэг болж байна” 

Энэ удаа БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын зөвлөх, судлаач, ТХБ-II төслийн Техникийн зөвлөн зохицуулах багын гишүүн А.ЭНХТОГТОХ-той ерөнхий боловсролын анхаарал татсан зарим асуудлаар ярилцлаа.Тэрээр боловсролын салбарт багш, судлаачаар 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай мэргэжилтнүүдийн нэг юм. 

-КОВИД-19-ын хөл хорионоос үүдэлтэй олонх улс оронд хамгийн их хохирсон бүлэг нь хүүхдүүд гэж үзэж байна. Тэдний боловсрол, хөгжлийн асуудалд ухралт гарлаа ч гэж зарим нь дүгнэсэн. Таны хувьд бол?            

Манай улс хоёр жил гаруйн хугацаанд танхимын сургалтыг хааж зайнаас хичээл сургалтаа явууллаа. Энэ хугацаанд багш нар цахим сургалтын арга зүйд суралцах, сургууль цахим технологийнхоо бэлэн байдлыг хангах асуудал тулгарсан. Тиймээс нийт өрхийн 80 гаруй хувь нь телевизтэй гэсэн 2018 оны судалгаанд үндэслэн хамгийн түрүүнд теле хичээл орох шийдэлд хүрсэн. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хөл хорио удаан хугацаанд үргэлжилсэн тул багш нар зайнаас сурагчидтайгаа холбогдож хичээллэх, цахим сургалтыг хөгжүүлэх хэрэгцээ бий болж байна. Энэ хичээлийн жилээс 5:9 гэсэн зарчмаар танхим, цахим хосолсон байдлаар хичээл сургуулийн үйл ажиллагааг явууллаа. 

Цахимаар орж байгаа хичээлийг үр дүнтэй болгох, багш ярих биш теле хичээлийг үзэж мэдлэг ойлголт авах, бие даан дасгал даалгавар гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх хосолсон сургалтын аргаар зайн ба танхимыг сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх чиглэл өгсөн. 

Ер нь зөвхөн КОВИД, халдварт өвчин гэлтгүй бусад шалтгаанаар танхимаар хичээллэх боломжгүй болсон нөхцөлд зайн сургалт явуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангасан байх ёстой. Гэвч бодит байдал дээр бүх сургууль интернет холболттой, багш бүр зайн сургалтын технологийг эзэмшсэн үү гэвэл үгүй. 

Танхимын хичээл 40 минутаар ордог бол цахим хичээл 20 минутаар орж байна. Энэ нь багш, сурагчийн ачааллыг тооцсон шинжлэх ухааны үндэслэлтэй хугацаа юм. Судлаачдын хийсэн судалгаагаар цахим контентыг анхааралтай үзэх хугацаа нь 6-12 минутад 50-100 хувь төвлөрч оролцоо өндөр байдаг гэсэн дүн байдаг. Түүнээс хойш анхаарал суларч эхэлдэг байна. Тийм учраас цахим хичээлийн хугацааг аль болох бага байх зохицуулалтыг хийсэн. Сургуулиуд багш нарынхаа ачааллыг бууруулах арга хэмжээнүүд авч байгаа. 

Тухайлбал, нэг багш 6 дугаар ангийн 3 бүлэгт хичээл ордог байлаа гэхэд тухайн гурван бүлгээ нэгтгээд цахим хичээлээ орох боломжоор нь хангах, ижил мэргэжлийн багш нарыг ээлжилж оруулах гэх мэт зохицуулалтуудыг хийсэн байна. Бусад улс орнууд ч гэсэн бүх сургууль, багш нар нэг загвараар хосолсон сургалтыг явуулах ёстой гэсэн шаардлагыг тавихгүй байна. 

Техник технологийн хувьд хөрөнгө мөнгө шаардсан хүндрэлтэй зүйлүүд бий. Тухайлбал, 2014 онд багш нарт өгч байсан компьютер нь өнөөдөр шаардлага хангахгүй болсон. Гэхдээ үүнээс түрүүлээд арга барилын хувьд суралцах зүйлүүд багш, сургуулийн удирдлагуудад байна. 

-Нөгөө талд хүүхдүүд цахим хичээлээ хүлээж авах техникийн нөхцөл тэгш бус байгаа нь ажиглагдсан. Ялангуяа хөдөө малчдын хүүхдүүд цахим хичээлээс хоцрох тохиолдол их гарсныг багш нар хэлж байсан. 

Тийм учраас цахимаар хичээл үзэх боломжгүй хүүхдүүдэд танхимаар хичээлдээ явах, сургуулийн нөөц боломжийг ашиглуулах чиглэл өгсөн. Бүгд нэг загвараар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас сургууль бүр тохирсон загвараа сонгон авч ашиглах хэрэгтэй. 2021 оны намар багш нарын онлайн сургалт хийж, хосолсон сургалтын долоон загварыг танилцуулсан. 

2021-2022 оны хичээлийн жилийн эхний улиралд сургуулиуд 5:9 зарчмаар хичээллэх явцдаа өөрийн сургуулийн онцлогт тохирох хосолсон сургалтын загварыг сонгож хэрэгжүүлсэн, үр дүнг эхнээс нь харж байгаа байх. 

“ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ ЗАВСАРДАЛТ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА”


-Мэдлэгийг бол нөхөж олгож болно. Харин төлөвшлийг нөхөх боломжгүй гэж санаа зовох эцэг эх цөөнгүй байна. 

-КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагааг хааж байгаа боловсролын салбарт тохиолдсон энэхүү үзэгдлийг ЮНЕСКО дан ганц сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл”хэмээн тодорхойлж байна. Энэ хямралаас гарахын тулд яах ёстой вэ гэдэг бол улс орон бүрийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Манай улсын хувьд 2020, 2021 онд ЕБС-ийн сурагчид 56 долоо хоног зайнаас хичээллэсэн. 

Энэ урт хугацаанд бие даан суралцах арга барил эзэмшсэн хүүхдүүдийн хувьд өөрийн эзэмших мэдлэг мэдээллээ цуглуулаад, багштайгаа эргэн холбогдож баталгаажуулаад явсан. Харамсалтай нь дийлэнх олонх нь бие даан суралцах арга барил эзэмшээгүй учраас хичээлийн хоцрогдол их байх нь ойлгомжтой. 

Тэгэхээр КОВИД-ын өмнө сурах арга барилын хоцрогдол байсан түүнд дээр удаан хугацаанд зайнаас суралцсан нь бусадтай харилцаж нийгэмшихэд, мөн бие бялдрын хөгжилд нь нөлөөлсөн болохыг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Энэ суралцахуйн бэрхшээлээс хэрхэн гарах вэ гэдэг нь зөвхөн манай улсад ч биш бусад улс оронд ч байна. 

Тэгэхээр бид хоёрдугаар улирлаас эхлээд хосолсон сургалтын арга барилд түлхүү анхаарах шаардлагатай болж байгаа юм. Багш ангид орсон хичээлээ зайнаас суралцах арга зүйтэй хэрхэн уялдуулах вэ, хүүхдүүд теле хичээлээ хэрхэн үзэх, мэдэхгүй зүйл дээр нь багш хэрхэн туслах вэ, бие даан суралцахуйг хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэдэгт багш нараа сургах, бэлтгэх хэрэгтэй байна. 

Сургуулийн хичээлийн хуваарь, багшийн хичээл заах төлөвлөлт, сурагчийн бие даан суралцах цагийг уялдуулсан замын зураглал тодорхой байх хэрэгтэй. Тэгж байж хүүхэд өөрийн удирдлагатай суралцах, өөрийн хөгжил, төлөвшилд анхаарах цаг гаргах, тэдэнд хөгжих боломжийг бий болгоно. 

-Судалгааны үр дүнгээр хүүхдийн сурлагын хоцрогдол ямар байсан бол? 

Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн оношлох үнэлгээгээр ямар хичээлээр агуулгын хэр хоцрогдолтой байгаа талаар эхний үр дүн гарсан байна. Ялангуяа танхимын хичээл ороогүй үеийн хоцрогдол их байгаа нь тодорхой харагдсан. Агуулгын энэ хоцрогдлыг арилгах тал дээр багш нар анхаарах хэрэгтэй. 

-1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед сургууль завсардалт маш их байсныг санаж байна. Хүүхэд хэд хоног хичээлдээ явахгүй байхад л сонирхол нь эрс буурдаг, эцэг эхчүүд ч сүүлдээ эвлэрдэг юм шиг надад анзаарагдсан. Тийм эрсдэл үүсээгүй байгаа даа? 

6-14 насныхны болон эрэгтэй хүүхдийн сургууль завсардалт нэмэгдэх хандлагатай боллоо. 2017-2018 оны хичээлийн жилд 682 хүүхэд сургууль завсардсан байсан. 

Үүнээс 75.4 хувь нь огт сургуульд ороогүй байхад 24.6 хувь нь сургуульд ороод завсардсан гэсэн судалгааны дүн байсан. 

2021- 2022 оны хичээлийн жилд хийсэн судалгаанаас харахад өмнөх хичээлийн жилээс хойш сургуультайгаа эргэн холбогдоогүй 1794 сурагч, 1-р ангид элсэн суралцаагүй 137 сурагч байна. Үүний 72% нь эрэгтэй, 28% нь эмэгтэй сурагч байна. 

-Сургууль завсардаж болзошгүй эдгээр хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ? Бас нас нь болсон ч сургуульд оруулаагүй тохиолдлууд хэр байгаа бол?

Намар хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулиудад үүрэг чиглэл өгсөн. Сургууль завсардаж болзошгүй хүүхдүүдийн ар гэрийг судалж, очиж уулзах сургуульд нь эргэн хамруулах талаар орон нутаг, сургуулийн удирдлага, багш нар анхаарч ажиллах шаардлага гарч байна. 

Малчин өрхийн хүүхдийг 6 аль эсвэл 7 настай сургуульд оруулж болно. Тиймээс зарим малчид хүүхдээ 7 настай оруулна гээд гэрт нь өнжөөх тохиолдол бий. 


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА ОЛОН УЛСЫН ТҮВШИНД БАЙНА 

-Урлаг, спортын гээд сонирхолтой дугуйлан секцүүд сургуулиуд дээр ажилладаг байсан. Цар тахлын нөхцөл байдлаас болж энэ боломж хаагдсан. Цаашид яах вэ? 

Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх нэмэлт сургалт дугуйлангийн үйл ажиллагаа хязгаарлагдсан. 

Цаашид КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс л хамаарах байх. Ер нь боловсролын тогтолцоонд чөлөөт сонголтын хөтөлбөрүүд байх шаардлагатай болчихоод байгаа юм. 

Тухайлбал, танхимаар судлах хичээлүүд, хүүхдүүдийн зайлшгүй мэдэх шаардлагатай глобал сэдвүүд, хөгжүүлэх ур чадваруудыг тусгасан байж болно. Тийм сэдвүүдийг хичээл сургалтын агуулгад яаж оруулах вэ, дээрээс нь хүүхэд хөгжүүлэх чөлөөт сонголтын хөтөлбөрүүдийг сургуулиуд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Тэр бол зайлшгүй байх ёстой. 

-Сурах бичиг, сургалтын арга барил, хөтөлбөр гэхчлэн ерөнхий боловсролын салбарыг тал талаас нь шүүмжлэх нь их. Таны хувьд ерөнхий боловсролын салбарт цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна гэж үзэж байна? 

-Багшийн заах арга зүй дээр маш их анхаарах шаардлагатай байна. Олон жил ярьж байгаа ч багш төвтэй сургалтын арга барил хэвээрээ л байгаа. 

Боловсролын хүрээлэнгийн судалгаагаар нийт багш нарын 70 орчим хувь нь уламжлалт багш төвтэй арга барилаар ээлжит хичээлээ зааж байгаа нь гарсан байдаг. Үүнийг өөрчлөхгүйгээр дараагийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөл харагдахгүй байна. Мөн технологийн дэвшлийг сургалтад ашиглах тал дээр багш, сурагчид суралцах шаардлагатай болсон. 

КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр зайн сургалтад тодорхой ахиц дэвшил гарсан ч цаашид улам сайжруулах, сургууль, багш нарыг тоног төхөөрөмжөөр хангах гээд хойшлуулшгүй асуудал олон. Бид энэ мэт асуудлуудаа шийдэж байж, дараагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай ярихгүй бол амжилтад хүрэхгүй. 

-Бага ангийн хүүхдүүдийн хичээлийн ачаалал их байна гэж зарим эцэг эхчүүд, судлаач үздэг. Гэтэл зарим хувийн сургуулиудын даалгавар, хичээл улсын сургуулиудынхаас ч их, хүнд байх нь ажиглагдах юм. 

Манай улсын бага ангийн сурах бичгийн агуулгыг Япон улсын сурах бичгийн агуулгатай харьцуулан судалж үзлээ. Манай улсын хичээлийн агуулга, хөтөлбөрийн хүндрэл, ачаалал бага байна. 

Жишээлбэл, Япон улсын 6 дугаар ангийн сурах бичигт байгаа хоол боловсруулах эрхтний тогтолцоо гэсэн нэг нэгж хичээлийн агуулгыг манай улсын 6, 7, 8, 9дугаар ангийн сурах бичигт тусгасан байна. Хүүхдийн марталтын муруй гэж байдаг. 

Тийм учраас 6 дугаар ангид үзсэн хичээл дээр нь 7 дугаар ангид нь нэмээд ямар мэдлэг, чадвар эзэмшүүлэх вэ гэдгийг уялдуулж, сургалтын хөтөлбөрийг боловсруулсан онцлог ялгаа байна. 

Тэгэхээр бага ангийн агуулга хүнд байна гэдэг судалгааг хаанаас гаргаад ирсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. 

Манай байгууллагын судалж мэдсэнээр хичээлийн агуулга олон улсын түвшинд байна. Гэхдээ багшлах хүний нөөц, сургалтын орчин зэргийг тооцон улс орнуудын сургалтын хөтөлбөрийн агуулгын хүндрэлийн түвшин ялгаатай байж болно. 

Харин хүүхдэд хэр их ачаалал болж байна вэ гэдэг маань зааж байгаа багшийн арга туршлагаас ихээхэн хамаарна. Хүүхдэд багаж тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар эзэмшүүлэх гэж байхад багш тоногт төхөөрөмжийн бүтцийг нэрлэж бичих, зурах даалгавар өгөөд байх нь тохиромжтой бус байгаа биз. 

Хүүхдийг бие даан сурах арга барилд сургая гэвэл багш зөв зөвлөн туслагч, чиглүүлэгч байх хэрэгтэй болно. 

Тэгэхээр багш бэлтгэх тогтолцоогоо эргэж харах шаардлагатай болж байгаа. Дээр нь манай сургалтын орчин, сургуулийн дэд бүтэц олон улсын жишигт хүрсэн үү гэвэл үгүй. 

Мөн хамран сургах тойрог гэдэг зүйлээ барихгүй байгаатай холбоотойгоор нийслэлийн төвийн сургуулиудын ачаалал хэрээс хэтэрсэн гэдгийг хүн бүр анзаарч байгаа. 

25 хүүхэдтэй ажиллах ёстой багш 50 хүүхэдтэй ажиллахаар яах вэ. Дунд сургуулиудад зэрэглэл бий болчхоод байгаа нь ачаалал хэрээс хэтрэх нэг шалтгаан болоод байна. 


ДУНД СУРГУУЛИУДАД ЗЭРЭГЛЭЛ БИЙ БОЛЧИХООД БАЙГАА НЬ АЧААЛАЛ ХЭРЭЭС ХЭТРЭХ ШАЛТГААН БОЛООД БАЙНА 

-Аль ч салбарт шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанч судалгаа нотолгоог луужин болгодог, болгох ч ёстой байх. Боловсролын салбарт энэ судалгаа шинжилгээг хийж таниулах үүрэгтэй ямар байгууллагууд байна? 

Манай БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв гэсэн гурван мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Боловсролын хүрээлэн боловсролын чиг хандлага, сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах зэрэг чиг үүрэгтэй. 

Тодруулбал, өмнө хэрэгжүүлсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, нийгмийн эрэлт, суралцагчийн хэрэгцээ юу байна вэ гэдгийг илрүүлэх судалгаа хийнэ. 

Цаашлаад дээрх хэрэгцээ шаардлагуудад нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах үндэслэлийг гаргана. Мөн сургууль дээр сургалтын хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг судалж үздэг. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт судалгаанд үндэслэн багшийг давтан бэлтгэх үүрэгтэй. 

Боловсролын үнэлгээний төвийн тухайд сургалтын хөтөлбөр хэрэгжүүлснээр хүүхдэд ямар ахиц дэвшил бий болов гэдгийг тандан судлах үүрэгтэй. 

Шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдэд ямар ахиц дэвшил гарч, ямар үзүүлэлтүүд буурч байгааг судалдаг. Энэ гурван байгууллагаас гаргаж байгаа судалгаа мэдээлэлд үндэслэн өнөөдөр хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрийг үнэлж, шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, чиглэл тодорхой болно гэсэн үг. 

Боловсрол өөрөө судалгаа нотолгоонд суурилсан байдлаар хөгжинө гэхээр мэргэжлийн институтийнхээ үгийг сонсдог, тухайн байгууллагуудын судалгааны үр дүнг хэлэлцдэг, алдаа оноогоо дүгнэдэг, өмнөхөө үгүйсгэдэг бус ололт амжилтаа уламжилж, авч үлдэх шийдлүүдээ гаргадаг байх нь чухал юм. 

Өнөөдөр яг ийм судалгаа тооцоог хийж байгаа эрдэмтэн судлаачид маань хэд байгаа билээ, ур чадвар нь ямар байгаа билээ гээд хүний нөөцийн хувьд дутагдалтай гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 


СУРГУУЛЬ ТХБ-ЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТӨВ БАЙХ ЁСТОЙ 

-Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олгох нэг үр дүнтэй суваг нь сургууль гэж харж байна. Чухам яаж, ямар арга хэлбэрийг ашиглаж байна вэ? 

Сургууль ТХБ-ыг түгээн дэлгэрүүлэх төв байх ёстой. Дэлхийн улс орнууд ТХБ-ыг сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд тусган хэрэгжүүлж байна. Түүнийг түгээн дэлгэрүүлэх төв бол сургууль байх гэдэгтэй санал нэг байна. 

-ТХБ өөрөө ямар иргэнийг, ямар нийгмийг, ямар дэлхийг бүтээхэд чиглэж байна? 

Бид бүгд “дэлхий” гэдэг нэг гэрт амьдарч байгаа. Тэгэхээр гэр орноо арчлах, эмх цэгцтэй, арвич хямгач, цэвэр цэмцгэр амьдрах нь гэр бүлийн гишүүдийн үүрэг байдагтай адил дэлхийн хүн төрөлхтөн бүр байгаль дэлхийгээ хайрлах, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлан, эдийн засгийн хувьд хэмнэлттэй амьдрахыг чухалчлах хэрэгтэй байгаа тул хүүхэд залуучуудад бага наснаас нь ТХБ- ыг хичээл, сургалтын үйл ажиллагаагаар эзэмшүүлэх нь чухал гэж бодож байна. 

-Баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.