“UB economy” эдийн засагчдын клубын энэ сарын уулзалтын зочин нь  үнэт цаасны MIBG компанийн захирал, итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч (chartered financial analyst) А.Билгүүн байлаа. А.Билгүүн илтгэлээ “Эдийн засгийн солонгорлын  уршиг” гэж нэрлэжээ.

Тэрээр Канадын Сент Мэригийн их сургуулийг 2007 онд санхүүч мэргэжлээр төгссөн. 2007-2009 онд Торонтогийн Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг Tall cross хувийн хөрөнгө оруулалтын банкинд хөрөнгө оруулалтын банкираар ажилласан туршлагатай. 2012 он хүртэл уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулганы зохион байгуулагчаар ажилласан юм. 2012 оноос өнөөг хүртэл MIBG үнэт цаасны компанийн захирлаар ажиллаж байна.

Түүний илтгэлийг хүргэе.

Солонгоруулах бодлогын уршиг

1990 онд ЗХУ задрахтай зэрэгцэн Монгол улс тухайн үеийн ДНБ-ийн 70 хувьтай тэнцэх дэмжлэг туслалцаагаа алдаж нэг бодлын “тэжээгчээ алдсан” улс болж ѳнчирсөн юм. Тиймдээ ч тухайн үеийн бодлого боловсруулагчид дэлхийд Монгол улсын эдийн засгийн ѳрсѳлдѳх чадварыг бодолцож 1992 онд “Алт” хѳтѳлбѳрийг баталж 2002 он хүртэл хэрэгжүүлсэн түүхтэй. 

Гадны хөрөнгө оруулагчид яагаад Монголд хандахаа больчихов гэдгийн богино бөгөөд ойлгомжтой жишээ нь Засгийн газрын тогтворгүй байдал. 27 жилийн дотор бид 16 дахь Засгийн газартайгаа ажиллах гэж байна. Нэг Засгийн газрын дундаж нас 1.3 жил. Товчхондоо ганцхан жилийн настай Засгийн газар хөрөнгө оруулагчдыг үргээсэн.

“Алт” хѳтѳлбѳр,уул уурхайн салбарт тулгуурлах бодлогын хүрээнд 1997 оноос эрдэсийн хайгуулын салбарт гадаадын хѳрѳнгѳ оруулагчдыг татаж уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн бодлогын амжилт илэрч эхэлснийг статистикаас харж болно.

Уул уурхайн салбар 2000 онд нийт эдийн засгийн 11 хувийг эзэлдэг байсан бол 2005 онд 21 хувь болж хоёр дахин нэмэгдсэн юм. 2010 онд нийт эдийн засгийн 21.5 хувийг уул уурхайн салбар эзэлж байж. Оюутолгойг нээсэн, энэ ордын хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан нь үүний гол шалтгаан. 

Гадаадын хѳрѳнгѳ оруулагчид Монгол руу хуйларсан нь сайн, муу олон янзын гадаадынхныг Монголд олноор ирэхэд хүргэсэн талтай. Мэдээж хамгийн ашигтай салбар болох уул уурхайн салбарт ихэнх хѳрѳнгѳ орж эдийн засгийн бусад салбараас чадварлаг ажиллах хүчин, бусад нѳѳцийг татах болсон нь бодлого боловсруулагчдыг “Голланд ѳвчний шинж тэмдэг” гэж ярихад хүргэсэн юм. 

Тухайн үед гадаадын компаниудыг нүд үзүүрлэх хандлага газар авч 2012 оны УИХ-ын сонгуультай золгосон. 2012 оны сонгуулиар улс тѳрийн хүчнүүд эдийн засгаа солонгоруулна, уул уурхайн салбараас хамаарахгүй нэмүү ѳртѳг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс, оюуны эдийн засагтай улс болно гэж амлаж, мөрөөдөж эхэлсэн

Бодлого боловсруулагчид 2012 онд  хууль эрх зүйн нэлээд олон өөрчлөлт хийсэн. Миний хамгийн их эмзэглэж явдаг шийдвэр бол стратегийн ач холбогдолтой салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль. Эдийн засгийн тэлэлт 12.3 хувьтай, гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар давчихсан үед ийм шийдвэр гарсан. Арав орчим тэрбум ам.долларын эдийн засгийн дөрвөн тэрбум нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гээд төсөөл дөө. Тухайн үед монголчуудын эрхэлсэн бизнес болгон ашигтай байсан.

“Солонгорсон” нь…

2012 онд бид ѳѳрсдѳѳ бүхнийг хийнэ гэх сэтгэхүйгээр Монгол улсын Засгийн газар олон улсын захаас 1.5 тэрбум долларын зээл авч импортыг орлох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажилдаа идэвхийлэн орсон юм. Солонгоруулж бол чадсан. Үүнийг доорхи графикаас харж болно. 

Хэрэв манай ДНБ-ий тэргүүлэгч зургаан салбарыг 2000 оноос эхлэн 2015 оныг хүртэл таван жилийн интервалаар харвал дээрхи дүр зураг анзаарагдана. Хэрэв 2015 оны эдийн засгийн тэргүүлэгч салабруудыг анзаарвал 2000, 2005 онуудын нѳхцѳл байдлаас харьцангуй тэнцвэртэй болж эхэлж байгаа нь илхэн. Гэхдээ “солонгоруулах”-ын тулд бид томоохон тѳлѳѳс тѳлжээ.

2010 оноос эхлэн “лицензийн наймааг” хазаарлах зорилгоор Ерѳнхийлѳгчийн тамгын газрын гаргасан шийдвэрээр шинээр хайгуул хийх тусгай зѳвшѳѳрѳл олгохыг зогсоосон. Мѳн 2012 онд УИХ сонгуулийн ѳмнѳхѳн Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг зохицуулах хууль баталснаар гадаадын шинэ хөрөнгө оруулалтыг үргээх үүдийг нээснийг би сая дурдлаа. 

Үүнээс гадна 2012 оноос Ерѳнхийлѳгчийн тамгын газрын санаачилсан шинэ Ашигт малтмалын тухай хуулийн ерѳнхий үзэл санаа нь Монгол улсад Оюутолгой ба Тавантолгой гэх мэт уурхайнууд хангалттай, ойрын үед уул уурхайн салбарт нэмж шинэ үйлдвэрлэл хэрэггүй гэх санааг агуулж байсан нь нууц биш. 

Дээрхи үйл явдлуудтай зэрэгцэн Монгол улсын Эдийн засгийн хѳгжлийн яам 1.5 тэрбум долларын бонд босгосон нь манай бодлого боловсруулагчдыг зоригжуулж байсан байх. Бодлого боловсруулагчдын бяр нь амтагдсан цаг л даа. 

Нэгэнт уул уурхайн салбарыг “хазаарлаж” гадаадын хѳрѳнгѳ оруулагчид биднийг орхих үед Монгол банк мѳнгѳний бодлогоор барилгын салбарыг дэмжиж, Засгийн газар Хѳгжлийн банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрийг дэмжиж зээлж авсан мѳнгѳѳ зах зээлд нийлүүлсэн. 

Бяр нь амтагдаад гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөхөөр ямар дүр зураг харагддагийг нэг жишээгээр нотолъё. Монголчууд ажилгүйдэж эхэлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газар жилд 500 тэрбумаас нэг их наяд хүртэлх төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид гаргадаг байсан бол энэ тоо 2011, 2012 оны үед 200, 300 орчим сая төгрөг болж буурсан. Гэтэл хямралын он жилүүд эхэлснээс хойш Нийгмийн даатгалын ерөнхий газар ойролцоогоор гурван тэрбум орчим төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид ганцхан сарын дотор гаргаж байна.

2012 оноос эхлэн бизнес эрхлэгчид санхүүжилт болон дотоодын борлуулалт суларч байгаа талаар түрүүлж дуугарч эхэлсэн. Уул уурхайн салбарт шинээр байгуулагдаад байсан хангамжийн ба инженерийн компаниуд Монгол дахь салбараа татан буулгаж эхэлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012-2013 онд огцом буурч эхэлсэн байдаг юм. Ажилгүйдэл ихэссэн гол шалтгаан гэж хэлж болно. 

2011 онтой харьцуулахад тѳгрѳгийн ханш 50 хувь уначихсан. Үүний гол шалтгаан бол зургаан жилийн дотор гурав дахин томорсон тѳсвийн зардал. 2010 онд Засгийн газрын жилийн тѳсѳв ойролцоогоор гурван их наяд тѳгрѳгбайсан бол 2016 онд ес гаруй их наяд тѳгрѳг болсон байх жишээний. Гэхдээ энэ нь зѳвхѳн улсын нэгдсэн тѳсѳв гэдгийг онцолъё. Үүнээс гадуур Хѳгжлийн банк, Монгол банкаар дамжуулан тѳсвийн бодлогыг хэрэгжүүлж байсныг ОУВС онцолж зогсоохыг шаардсан. Ийм үрэлгэн тѳсѳв, солонгоруулах нэрийдлээр жижиг дунд үйлдвэрүүдэд ѳгсѳн зээл тусламжийг нэг бол гадаадаас зээл, эсвэл Монгол банкнаас хэвлэж тарааснаар ѳнѳѳдѳр долларын ханш 2450 төгрөг хүрээд байна. Мэдээж нийт хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас импортоор авдаг иргэдэд бол хүндхэн л тусч таараа. 

Дээрхи үзүүлэнг хараад ихэнхи хүмүүс сүүлийн гурван жилд гадаад худалдааны ашигтай байгааг хараад баярлаж болох ч монголчуудын хэрэглээний хэмжигдэхүүн болсон импорт хэрхэн буурсныг мѳн харж суугаа байх. 2012 онд 6.7 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг бид импортолж хэрэглэдэг байсан бол ѳнгѳрсѳн жил 3.3 тэрбум буюу манай хэрэглээ хүртэл 50 хувь танагдсан байгаа нь тухайн хугацаанд тѳгрѳгийн унасан ханштай дүйцэж байгаа нь сонин. 

2017 оны эхний хагас жилд гарсан жаахан эерэг үзүүлэлт маань эргээд сөрөг рүүгээ явах дүр зураг анзаарагдаж байна. 2011 онтой харьцуулахад худалдан авах чадвар маань даруй хоёр дахин уначихлаа. Монголчуудын дундаж цалин 966 мянган төгрөг байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мөнгийг долларт шилжүүлбэл 400 хүрэхгүй. Энэ бол онигоо. Байгалийн их нөөцтэй байж ийм ядуу амьдарна гэдэг бидний л арчаагүйнх.

2011 онд монголчууд 3.4 тэрбум ам.долларын хадгаламжтай байсан бол 2014 онд 4.6 тэрбум ам.доллар болж өсөөд 2015, 2016 онд бид хадгаламжаа идэж эхэлсэн. Мөнгөгүй, ажилгүй болцгоосон.

Манай эдийн засгийн хөдөлгөгч хүч нь яах аргагүй гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь өмнө дурдсан жишээнүүдээс харагдаж байна. Манай эдийн засаг 10 тэрбум ам.доллароор л хэмжигддэг. Гэтэл дөнгөж сая IPhone-X утсыг зарлаад буй Apple-ийн зах зээлийн үнэлгээ 560 орчим тэрбум ам.доллар шүү дээ. Нэг компаниас 56 дахин бага эдийн засагтай гэдгээ ойлгох хэрэгтэй.

Хайгуулын салбарт хөрөнгө орохоо болиод, хүмүүс дараагийн Оюу толгойг олох романтик бодолдоо автахаа байгаад, хайгуулын зөвшөөрөл олгохгүй болоод ирэхээр ямар байдал үүсдгийг нэг жишээгээр нотолъё. Канадад төвтэй “Фрейзер” институтээс улс орнуудыг уул уурхайн потенциал,  явуулж буй бодлогоос нь хамаарч  хөрөнгө оруулахад тохиромжтой эсэхийг эрэмбэлэн жагсаадаг. Манай улс 2012 онд 96 орноос 31-д эрэмбэлэгдэж байсан бол буурсаар яваад 104 орноос 81-т эрэмбэлэгдсэн харамсалтай зураг харагдаж байна.

Японд Засгийн газар нь байнга солигдож байдаг ч эдийн засагт нь нөлөөлдөггүй гэж ярьдаг. Манайд Ерөнхий сайд гарч ирээд бүх сайдаа, сайд нар нь яамныхаа цэвэрлэгчийг хүртэл сольдог бол Японд улстөрийн тогтворгүй байдал байсан ч институцууд нь тогтвортой байдаг. Монголд харин улстөр ганхах тоолонд институци нь байнга ганхдаг. Санхүүгийн зохицуулах хороог санхүүгийн мэргэжлийн хүмүүс толгойлсон удааг би хувьдаа мэдэхгүй.

Өнөөгийн эдийн засгийн хямрал, улстөрийн тогтворгүй байдлын уг шалтгааныг хайгаад үзэхээр нэг л хариу гарч ирж байна. Тэр нь  монголчуудын боловсролгүй байдал. “Сант марал” сангаас жил бүр гаргадаг судалгааг  2010-2016 он хүртэл нь  харлаа. Бидний хэт үндсэрхэг, монгол төвтэй үзэл эдийн засгийн хөгжилд тушаа болоод байна. “Стратегийн гэх орд газруудад монголчууд хэчнээн хувийн эзэмшилтэй байвал зохих вэ”  гэдэг асуултад судалгаанд оролцогчдын 83 орчим хувь нь “51-100 хүртэл хувь нь монголчуудын эзэмшилд байх ёстой” гэж хариулсан хэвээр байна. Ийм бодол, байр суурьтай явсаар байвал иймэрхүү үзлийг сурталчлагч улстөрч, хэрэгжүүлэгч парламент, засгаас  сална гэж байхгүй. Гашуун үнэн гэвэл монголчууд гурван саяулаа эдийн засгийн энэ бүх нюансийг ойлготол лав л 20-30 жил шаардагдах байх.