“Дэлхийн мэдлэг академи”-ийн математикийн дасгалжуулагч А.Болортуяатай хүүхдийн хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөх, эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах эрмэлзлийг хэрхэн дэмжих талаар ярилцлаа.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хоцрогдлыг нөхөх аргаа мэддэггүй

“Хүүхэд маань хоцрогдчихлоо, яах вэ?” Яг л энэ асуултад хариулт бодож, шаналж яваа эцэг эхчүүд олон. Багш хүний хувьд хоцрогдлыг хугацаандаа олж аваагүй мэдлэг гэж ойлгодог. Тэр мэдлэгийг нөхөж авах бүрэн боломжтой.

Зарим хүүхдүүдийг анзаарахад нэгэнт хоцрогдсон хэр нь шалгалтаа хуулаад эсвэл ямар нэгэн аргаар өгчихдөг. Гэвч түвшнийг нь шалгаад үзэхээр хэдийн хоцрогдчихсон ирдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ анзаарч байх нь чухал. Аль болох эртхэн ямархуу түвшинд байгааг нь, хэр зэрэг хоцорсныг нь мэдэж оношлуулах хэрэгтэй.

Эцэг эхчүүд л хүндрүүлж ойлгоод байгаа болохоос хичээлийг нөхөж ойлгоод явах тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Эхлээд сайн судалж байгаад мэргэжлийн байгууллагад нь хандахыг зөвлөнө. Манай сургалтын төв гэхэд зөвхөн математикаар дагнасан. Физик, хими дээр ч гэсэн хичээл бүр дээр  дагнасан сургалтын төвүүд ч бий.

Бичлэг үзэх: 


Эхлээд ярилц, хүсэл сонирхлыг нь хүндэтгэ 

Таны хүүхдийн төлөө санаа тавьж, анхаарал хандуулах хүн хэн бэ? Мэдээж та л байж таарна шүү дээ. Хэдийгээр хүүхдүүд өсөж том болж, ойлгоход бэрх болсон ч анхаарал хандуулах хүн нь эцэг эхчүүд билээ. Тиймээс хүүхэдтэйгээ ойр дотно харилцаарай. “Миний хүүгийн хичээл нь юу болж байна, юу нь болохгүй байна. Ямар хичээлдээ анхаармаар байна”, “Ийм сургалтын талаар сонслоо, очиж үзэх үү” гээд төрөл бүрийн сэдвээр ярилцах л чухал.

Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ шууд л “Чи тэнд сур, заавал сур” гэж өөрийг нь сонсолгүй тулган шамдуулдаг. Энэ тохиолдолд хүүхэд амжилттай сурдаггүй. Иймээс л цаг гаргаж хүүхдээ ойлгохыг зөвлөдөг.

Нэгэнт хичээлээ ойлгоогүй хүүхдүүдийн хувьд ихэнхдээ хичээлийн холбогдолтой асуулт асуух, сурлагын талаар ярилцахад “Би ч мэдэхгүй дээ, угаасаа чадахгүй юм чинь” гэсэн байдлаар өөртөө итгэлгүй ханддаг.  Ийм хүүхдийг эхлээд итгэлтэй болгож, хичээлд сэдэлжүүлж, идэвхжүүлсний дараа хичээлийг заана. Яагаад сурах ёстойгоо ч ухамсарлаагүй үед мянга давтаж хийсэн ч ой тойнд нь үлдэхгүй.

Мэдлэг өгөхөөс илүүтэй хүсэл тэмүүлэлтэй хүн болгох нь хамгийн чухал 

Мэдлэгийг хэзээ л бол хэзээ олж уншаад, нөхөж болно. Үүнээс чухал нь хүүхдийг хүсэл тэмүүлэлтэй болгох юм. 

Манай сургалтын төвд гэхэд өөрийн хувийн зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлчихсон хүүхдүүд ирдэг л дээ. Тэд “Ирээдүйд би ийм мэргэжлээр сурна. Гэхдээ яах ч аргагүй ядаргаатай математикаар заавал шалгалт өгөх нь. Тиймээс сурах ёстой, чадна даа” гээд зориглоод ирдэг, ард нь ч амжилттай гардаг."

Энэ тохиолдолд зорилго нь математик биш ч зорилгодоо хүрэх гүүр нь болохоор үүнийг хичээгээд сурна гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж байгаа юм. Эндээс хүүхдийг зорилго тэмүүлэлтэй болгохын чухлыг харж болно. 

Сургалтын эхний хоёр долоо хоногт хүүхдэд бид “Би өөрөө л хичээлээ, даалгавраа хийх хэрэгтэй. Энэ цагт дуусгаж амжуулахгүй бол цаг хугацаагаа алдаж яваа юм байна” гэдэг бодол, дадлыг суулгадаг. 

Яваандаа хичээлдээ төвлөрч сууж сурна, үүнийг ойлгохгүй л бол дараа дараагийн хичээлийг сурахгүй, надад сурсан зүйл үлдэхгүй нь ээ” гэдгээ өөрөө ухамсарлаж мэдэрч эхэлдэг. Ингэж ухамсартайгаар сурч ойлгосон зүйл насан туршид нь үлдэнэ. Харин автоматаар цээжилсэн зүйл маргааш, нөгөөдөр гэхэд л мартагдчихна.

Асуудлыг олон талаас харж, зөв гаргалгааг олоход математик тусалдаг 

Хүмүүс математикийг нэмж, хасах, үржих, хуваах үйлдэл л гэж андуурдаг. Угтаа математик нь ойлгох шинжлэх ухаан юм.

Аливаа асуудлыг аль ч талаас нь харж, ойлгож, эцсийн дүндээ ийм байх ёстой гэдэг зөв гаргалгааг гаргах л зорилготой.  Тиймдээ ч манай сургалтын төв хүүхдүүдэд нэг ч томьёо цээжлүүлдэггүй. 

Жишээ нь хүрдээ цээжлээгүй хүүхдийг нэмүүлж суулгадаг. “9х8=72” гэдгийг мэдэхгүй бол 9-ийг 8 удаа нэмүүлдэг. Тэгэхээр 9-ийг 8 удаа нэмснээс үржиж сурсан нь өөрт нь хялбар гэдгийг ухаарна.

Утгыг нь ойлгосон хүүхэд дараа нь шалгалтын үеэр, магадгүй хүрдээ мартлаа гэхэд нэмээд л хариугаа гаргачихна. Энэ мэтчилэн бүх томьёоны гаргалгааг нь ойлгуулаад, өөрөөр нь бодуулдаг. Дараа нь тухайн томьёо амьдралд яаж хэрэгжиж байгааг жишээгээр тайлбарлаж, ойлгуулдаг. 

Үр бүтээлтэй суралцах нь үр бүтээлтэй суухаас эхэлнэ 

Бага ангидаа хүүхэд хичээл дээр төвлөрч суух,  гэрийн даалгавраа цаг тухайд нь бие даан хийж сурах ёстой. Ингэж сурсан хүн л  цагийг өөртөө үр өгөөжтэйгөөр ашигладаг. Харин анхнаасаа сууж ч сураагүй бол сурах арга барилаа олоогүй байна гэсэн үг.  

Саяхан манай сургалтад 7 хоног суулгасан ээж хүүхдийнхээ сурах арга барилыг асуусан юм. “Сууж сураагүй байна” гэхэд “Энэ үгийг зөвхөн өөрөөс чинь сонслоо. Манай хүүхэд шиг сууж чаддаг хүүхэд байхгүй дээ.” гээд их гайхаж байсан. Манай эцэг эхчүүдэд хүүхэд томоотой суухыг л сууж сурсан гэж эндүүрдэг. 

Үнэндээ сандал дээр 10 цаг суудлаасаа өндийхгүй зүв зүгээр суухыг сууж сурна гэж хэлэхгүй л дээ. Суусан хугацаагаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхийг хэлдэг. 

Та хүүхдээ сууж байгаа цагийнхаа хэдэн минутыг хичээлд зарцуулж байгааг нь анзаараарай. Удаан суусан ч үр бүтээлгүй байна гэдэг анхаарал төвлөрөл сул байгаагийн шинж юм. Анхаарал төвлөрөл сулрахад хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь дэлгэцийн хамаарал. Утсаа хэт их ашиглаж, сошиал медиагаас хараат байх нь үр бүтээмжийг сулруулдаг.