ИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр улсын төсөвт тусгасан таван ажлын зардлыг бууруулах, 13 ажлын зардлыг нэмэгдүүлэхээр болсон билээ.

Үүний дотор агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулахаар болжээ. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн янданд утаа шүүгч тавих төсөв хасагдах нь. Уг асуудлыг өмнө нь олонхийн бүлгийн хурлаар хэлэлцсэн бөгөөд энэ үеэр намын нөхөд нь энэ чигээр нь баталвал Засгийн газар болоод намын нэр хүндэд халтай залуу сайдад зөвлөгөө өгсөн сурагтай. 

Уг нь ирэх онд утааг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөсөн тухайгаа Н.Цэрэнбат гишүүн сэтгүүлчдэд тайлагнасан. Тухайлбал,  сайжруулсан түлш үйлдвэрлэх бэлтгэл ажилд 54,7 тэрбум төгрөг, төсөвт шөнийн тариф хөнгөлөлтөд 16,4 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын уурын зууханд тортог шүүгч тавихаар ирэх оны төсөвт 22,5 тэрбум төгрөг төсөвлөж байгаагаа дуулгасан юм.