Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх улмаар 2020 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд, салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа билээ.

Иймээс зорилтот зах зээлийн орнуудад аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ОХУ-д  26  дахь удаагаа зохион байгуулагдаж буй “МИТТ” 2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр нэгдсэн тус арга хэмжээнд Монгол Улс анх удаа зохион байгуулалттай оролцож байна.

Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх таван үзэсгэлэнгийн нэгд зүй ёсоор тооцогддог уг үзэсгэлэнд энэ жил 55 улс орон, ОХУ-ын 50 гаруй бүс нутгийн 1800 гаруй байгууллага, аж ахуйн нэгж аялал, жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж оролцлоо.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам өндөр ач холбогдол өгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Аялал жуулчлалын Нью жуулчин зэрэг компаниудыг нислэгийн чиглэл, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний талбарт анх удаа дэлгэрэнгүй сурталчлах,  бизнесийн түнш агентлагуудтай Монголын талбайд уулзалт зохион байгуулах, шинээр түнш эрэлхийлэх чухал ач холбогдолтой болж өндөрлөсөн байна.