Таиландын Чианграй мужийн Тхам Луанг гэдэг агуйд хоёр долоо хоног гаруйн турш гацаж байсан хөл бөмбөгийн багийн 12 хүүхэд, дасгалжуулагчийн хамт хэрхэн аврагдсан талаархи цуврал дэлгэцийн бүтээлийг “Netflix” компани дамжуулан үзүүлэхээр болжээ.

Өнгөрсөн жил тохиосон уг үйл явдлыг “SK Global Entertainment” компани дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байгаа аж. Таиландын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Верачон Сукондапатипакийн мэдэгдсэнээр, уг цуврал бүтээлээс агуйд гацаж байсан хүүхэд бүр 3 сая бат буюу 94.2 мянган ам.доллар авах аж. Түүнчлэн аврах ажиллагаанд оролцсон байгууллага болон сангуудад мөнгө олгох юм байна.

Таиландын Тхам Луанг агуйд 11-16 насны хөл бөмбөгийн багийн 12 сурагч, 25 настай дасгалжуулагчийн хамт алга болсон явдал өнгөрсөн оны 6 дугаар сарын 23-нд болсон юм. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагчийн хоргодож байсан агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай байсан учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой байсан юм. Үерийн усны улмаас хоёр долоо хоног гаруйн турш агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаа 3 өдөр үргэлжилсний эцэст бүх хүнийг гаргаж чадсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС