Ажилд орох ярилцлагад бэлдэх хэзээд хэцүү байдаг. Асуултад нь юу гэж хариулах вэ, Хэтэрхий их юм ярьчих вий дээ, Хувийн зан чанараа яаж харуулах вэ, энэ байранд тохирох хүн гэдгээ яаж харуулах вэ, ямар хувцас өмсөх вэ, юу өмсөхгүй вэ? гээд л бэрхшээл олон. 

Ийнхүү толгойгоо гашилгасан хүмүүст тус болох үүднээс ажил олгогчид ажлын ярилцлагын үеэр өмсөх хэрэггүй хувцаснуудыг нэрлэж байна. 

Хэзээ ч өмсөж болохгүй хувцаснууд

Татгалзах ёстой эхний зүйл бол хөлийн хуруу ил гарсан сандаал, шаахай. Penske медиа корпорацийн авьяас нээн илрүүлэх албаны дарга Энди Лимпус “Хүмүүс ийм шаахайтай ирдэг, ёстой ойлгодоггүй” хэмээв. 

Rent The Runway компанийн худалдан авалт, фэйшн албаны дарга Сара Там хөлийн хуруу гарсан шаахайг ямар ч тохиолдолд өмсөж болохгүйтэй санал нийлсэн. “Насанд хүрсэн хүний гутал өмс. Маш чухал шүү” гэж зөвлөлөө. 

Нью Йоркт төвтэй контемпорари чиглэлийн LED гэрлийн дизайн гаргадаг Rich Brilliant Willing компанийн ерөнхий менежер Брайан Риччи:

“Эрэгтэй хүн бол хуруу нь гарсан сандал хэзээ ч ажлын ярилцлагад өмсөж болохгүй. Эмэгтэй хүн улирлаасаа хамаараад өмсөхөд зүгээр. Ерөнхийдөө бол зугаалгын сандаал өмсөж болохгүй гээд л ойлгочих”

Ноён Риччи бүх төрлийн биеийн тамирын болон йогийн ритуз, ямар нэгэн уранхай, цоорхойгүй хувцаснаас татгалзахыг зөвлөлөө. Тэгэхээр Канье Уэсттэй ярилцлага хийгээгүй л бол Yeezy брэндийн уранхай салбанхай хувцас өмсөж болохгүй гэсэн үг. Эцэст нь хөхөвчнийхөө мөрийг ил гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй аж. 

Үнэртнээ зөв сонго

Ноён Лимпус “Хувцаснаас гадна өөрийн оршихуйдаа анхаарах хэрэгтэй. Юу вэ гэхээр ямар үнэртэн түрхэхдээ анхаарч бай. Зарим хүн үнэртэй ус хэт их түрхчихсэн, зарим нь хоол үнэртүүлчихээд явдаг ресторан шиг л байдаг” гэв.

Пантин ч үүнд санал нэгдэж “Үнэртэй ус анхилуулчихаар төвлрөхөд их хэцүү байдаг” хэмээлээ. 

Канадын Ванкувер дахь Native Shoes-ийн ажилтнууд хариуцсан мэргэжилтэн Тиффани Лай үнэртэй уснаас татгалзсан ч алдах зүйлгүйг хэллээ. “Хүмүүс ямар харшилтай, юунд мэдрэг гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тиймээс үнэртэй ус түрхэхгүй байсан нь дээр”. 

Ямар ажилд орох гэж байгаагаа мэдэр

Танд анхны сэтгэгдэл төрүүлэх ганц л боломж бий. Тэгэхээр хувцасны шүүгээгээ онгойлгоод сэтгэгдэл үлдээх хувцас сонгох нь зүйтэй. Гэхдээ ямар төрлийн ажилд орох гэж байгаагаа бодолцох чухал. Ажил бүр харилцан адилгүй хувцаслах соёлтой байдгийг санаарай гэсэн үг. 

Лимпус “Бүтээлч сэтгэлгээ гаргах байранд ажилтан авах гэж байтал урд минь албаны хослолтой хүн сууж байвал би тохирохгүй хүн байна даа гэж бодно. Бүтээлч хүн наанаа харагддаг биз дээ, өөрийн гэсэн онцлогтой хувцасладаг ч юм уу. Хэрэв нягтлан авах гэж байвал хослолтой хүн л хүлээнэ дээ” хэмээлээ. 

Тухайн ажлын байранд, компанид тохирсон хүн гэдгээ хувцсаараа илэрхийлэх хэрэгтэй. Орохыг хүссэн компанийнхаа хувцаслах соёлын талаар ямар ч төсөөлөлгүй байгаа бол тухайн салбарт ажилладаг хүмүүсээс сураглаж болно. Эсвэл олон нийтийн сүлжээ хаягтай бол түүнээс ажилтнуудых нь зургийг олоод хувцасласан байдлыг нь харж болно. 

Өөртөө итгэлтэй бай

Таныг аварч мэдэх хувцас бол хүрэм. Хүрэм өнөө цагт маш олон сонголттой гардаг болсон тул даашинз, цамц, футболка гээд ямар ч хувцастай сайхан зохицуулах боломжтой. Ямар ч тохиолдолд цэвэр, цэмцгэр хувцастай очих чухал. Ажиллах нөхцөл ямар ч байсан эмх замбараатай, цэмцгэр хүн шиг сэтгэгдэл төрүүлээрэй. 

Гэхдээ хувцас хүнийг тодотгох ёстой болохоос хувцас нь хэт тодроод хүн нь дарагдаж болохгүй. Хамгийн гол нь таныг өөртөө итгэлтэй байлгахаар, баг зүүсэн мэдрэмж төрүүлэхгүй байх чухал. Эцсийн дүнд та хувцас биш ур чадвараараа үнэлэгдэх учиртай.