Гаргасан хичээл, зүтгэлийн 20 хувь нь эцсийн үр дүнгийн 80 хувийг тодорхойлж байдаг. 


Та төсөөлдөө: үдийн цайны цаг болоход та ажлын ширээнээсээ сэтгэл ханамжтай босож, машиндаа суугаад, яарч сандралгүй хооллохын тулд ресторан эсвэл гэр лүүгээ зүглэнэ. Дараа нь орой болтол гольф тоглоно гэж төлөвлөөд л ...

Энэ бүгд биелэх боломжтой, бодит зүйл. Та хийх ёстой ажлынхаа 90%-ийг өглөөд хийж амжина. Гэхдээ юуны түрүүнд дараах зүйлийг санаарай: 

  • Ажил гэдэгт та өөрийн биеэр хийж гүйцэтгэх ёстой хамгийн чухал ажлуудыг оруулж тооцно. Хурал, уулзалтууд үүнд хамаарахгүй. 
  • Энэ арга нь Паретогийн зарчимд үндэслэсэн: таны хүрсэн үр дүнгийн 80%-ийг гаргасан хичээл, зүтгэлийн 20% нь тодорхойлж байдаг. Та ажлаа өглөөгүүр хийж хэвшвэл чухал шийдвэр гаргахад илүү ухаалгаар ханддаг болно.


Дараа өдрийн төлөвлөгөөг урьд орой нь гарга 

Орой болгон маргааш хийх ёстой ажлуудаа жагсааж, яг хэдийд хийх хугацааг төлөвлө. Та маргааш өглөөг төлөвлөхгүй бол үр дүнтэй ажиллаж чадахгүй. Гэхдээ хэтэрхий их ажил төлөвлөх хэрэггүй. Үнэхээр ажлаа хийж дуусгахын тулд хуваариа гаргахдаа цаг хугацааг зөв тооцоолоорой.


Ажлын өрөөгөө цэгцэл 

Ажлын орчин эмх замбараагүй байх нь анхаарал сарниулаад байдаг. Өглөө цэвэр, цэмцгэр оффист орж ирэхэд саруул ухаанаар сэтгэж, хичээл зүтгэлтэй ажиллахад тусалдаг.


Өглөө эрт бос 

Бүх зүйлийг амжуулахын тулд өглөө эрт босох хэрэгтэй. Өглөө бүр 5.30-6.30 хооронд босохыг зөвлөж байна. Хэрэв танд өглөөд гарахад бэлэн болоход хугацаа их шаардагддаг бол тэр хугацаагаар эрт босоорой. Мэдээж орой унтах цагаа мөн тохируулах хэрэгтэй. 


Дасгал, хөдөлгөөн хий

Өглөөд дасгал, хөдөлгөөн хийх нь сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, илүү үр дүнтэй ажиллахад нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Иймд өглөө гүйж эсвэл 30 минут йог хийж хэвшээрэй. 


Ажлын хуваариа яс дага

Төлөвлөсөн хуваариас гажихыг өөртөө зөвшөөрч болохгүй. Та цаг багатай хүн. Төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийснээр илүү их зүйл амжуулна шүү дээ. 


Түр хүлээгээрэй, ажилдаа бүрэн 

төвлөрөхийн тулд 20 минут шаардагдана

Хүн хийж буй ажилдаа бүрэн төвлөрч, дотор нь шумбан орохын тулд дундажаар 20 минут шаардагддаг. Иймд энэ төлөвт орохын тулд ажлаа үргэлжлүүлэн хийгээд байгаарай. Ингэснээр хурдтай, үр бүтээлтэй ажиллаж чаддаг.


Шийдвэрийг 60 секундэнд гарга 

Шийдвэр гаргах бол цаг хугацаа их шаарддаг асуудал. Ажлаа хийж байхдаа шийдвэр гаргах хэрэгтэй болбол өөртөө 1 минутыг өгчих. Таны шийдвэр удаан хугацаанд бодож гаргасан шийдвэрээс нэг их ялгаагүй байх ч цаг бага алдах болно. 


Чихэвч зүү 

Чихэвч зүүснээр анхаарал сарниулах зүйлсээс тусгаарлагддаг. Үр бүтээлтэй ажиллахын тулд чихэвч зүүхийг Harvard business review нэг бус удаа зөвлөж байсан.


Хамгийн хэцүүг хамгийн эхэнд хий 

Марк Твен: “Өглөө босоод хамгийн түрүүнд мэлхий залгичихвал тохиолдож болох хамгийн мууг даваад гарчихлаа гэсэн үг” хэмээн бичжээ. Харин Брайан Трейси энэ үгийг бүр зарчим болгосон: “Сэжиглэхээ болиод мэлхий залги”. Хэрэв та хамгийн чухал бөгөөд тааламжгүй ажлаа хамгийн түрүүнд хийчихвэл өдрийн сүүлийг өөдрөг, үр дүнтэйгээр өнгөрөөх боломжтой.


Бичгийн ажлаа аль болох эрт хий 

Бичгийн ажил бол оюун ухаан их шаардсан ажил. Текст, нийтлэл бичиж байхад тархи бүрэн төвлөрч, үр бүтээл нэмэгддэг. Хэрэв та өдрийн эхэнд бичгийн ажлаа хийвэл гараас тань илүү сайн бичвэр гараад зогсохгүй үлдсэн цагтаа олон ажил амжуулна. 


Оффис руугаа аль болох битгий яв

Оффис тань гэрээс хол байрладаг бол аль болох тийшээ битгий яв. Та хайран цагаа дэмий үрэхийн хажуугаар замын хөдөлгөөн, түгжрэлд нервээ бараад дуусна. Гэр-оффис хооронд явах зам ихэнх хүний хувьд хамгийн их стресстдэг үе байдаг. Өглөөг стресстэж эхлүүлбэл үр бүтээлтэй байдлаа алдчихна шүү. 


Хурал битгий хий (утсаар ч гэсэн)

Та бизнес хийгээд удаж байгаа бол хурал хийх нь цагийг дэмий үрдэг зүйл гэдгийг мэдэж байгаа байх. Аль болох цөөн хурал хийж цагаа хэмнэ. 


И-мэйлээ шалгахаа азна

Электрон харилцаа яг хурал шиг хамаг цаг үрчихдэг. Мэдээж мэйлд хариу бичих хэрэгтэй. Гэхдээ өглөөг мэйлд хариу бичихээс эхэлбэл хамаг цагийг тань барж, ядраах болно. 


Тодорхой дэглэмтэй бол

Та аливаа ажлыг тогтмол хийвэл түүнийгээ дараа дараагийн удаа хийх болгондоо илүү сайн, хурдан хийдэг болно. Аливаа ажлыг хийх тогтсон дэглэм, дарааллыг олоод түүнийгээ мөрдөөрэй. Тэгвэл илүү үр дүнтэй ажиллаж чадна. 


Тав тухтай байдлаар өөрийгөө ханга

Амжилт гаргахдаа төвлөрөн бүх зүйлсийг бэлтгэ. Усанд орж, сахлаа авч, өглөөний цайгаа ууж, өдрийн тэмдэглэлдээ тэмдэглэл хийж, бясалгаж, нохойгоо салхилуулж, хөшгөө нээ – өглөөг өөртөө итгэлтэйгээр эхлүүлэхийн тулд та юу хиймээр байна тэр бүгдийг хий.Эдгээр бэлтгэл ажлуудаа хийж дуусгасны дараа та ажилдаа илүү эрч хүчтэйгээр дайран орох болно.


Тодорхой цаг хугацааны дараа өөрийгөө шагна

Ажлын дундуур завсарлага авах цагийг тохируулж сэрүүлэг эсвэл таймер тавиарай. Түр амсхийж байхдаа сэтгэл санааг тань өргөх зүйлсийг хий: бүжиглэ, дуул, хүүхдүүдтэйгээ утсаар ярь.


Хэрэв та өдрийн талд эрч хүч, илүү их зүйл хийх хүсэл эрмэлзлээр дүүрэн байвал үдийн цайнаас хойш ч үргэлжлүүлж болно. Хэрэв хийж буй ажил тань танд аз жаргал, сэтгэл ханамж авч ирдэг бол яагаад зогсох ёстой гэж? Төлөвлөсөн ажлынхаа 90%-ийг өглөөд хийж дуусгавал үлдсэн хугацаанд 100% илүү давуулан биелүүлнэ гэсэн үг. Та өөрөө л шийд.