БЭЭЖИН. /Interfax/. Хятадын онлайн худалдааны хамгийн том компани болох “Alibaba Group” 2014 онд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр амжилттай хөрөнгө босгосныхоо дараа Хонконгийн хөрөнгийн зах зээлд  IPO хийх замаар 20 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байгаа тухай “Bloomberg” агентлаг энэ талаар сайн мэдээлэлтэй эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, “Alibaba” санхүүгийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, хувьцаа байршуулах нөхцөлийг хэлэлцэж байгаа аж. Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх хүсэлтээ тус компани 2019 оны хоёрдугаар хагаст гаргаж магадгүй гэж эх сурвалжууд онцлон хэлсэн байна.


“Alibaba” 2014 онд анхдагч хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гаргаж, 25 тэрбум ам.доллар босгосон нь технологийн салбарын түүхэн дэх хамгийн том “IPO” болсон юм. Сүүлийн жилүүдэд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 22 хувиар буурчээ.


Хятадын компани санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа IPO хийхээр төлөвлөж байна гэж эх сурвалжууд хэлсэн байна.


Хонконгийн бирж дээр хувьцаа гаргах төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүйг эх сурвалжууд дурджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг