Хятадын цахим худалдааны салбарын томоохон компаниудын нэг болох “Alibaba”-гийн тэргүүн Жэк Ма тус улсын Коммунист намын /КН/ гишүүн болсон тухай "Жэньминьван" цахим хуудас мэдээлжээ. 

“Шинэчлэл, нээлттэй байдлын бодлого явуулж эхэлсний 40 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор Хятадын КН-ын Төв хороо уг бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүнтэдгэл үзүүлэх шийдвэр гаргалаа” гэж "Жэньминьван" цахим хуудаст мэдээлсэн байна. Тус цахим хуудаст мэдээлснээр, “энэ бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлаар нь бүс нутаг бүр өөрийн нэр дэвшигчдийг сонгож, санал болгосон байна". Зохицуулах зөвлөл намд элсүүлэхийг санал болгосон хүмүүсийг судалж, 100 хүнийг сонгосны дотор “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма, мөн Хятадын харилцаа холбооны томоохон компани болох “Tencent”-ийн тэргүүн Ма Хуатэн байгаа аж.

Жэк Ма дэлхийд томоохонд тооцогддог цахим арилжааны компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь Хятадын дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд болон жижиг, дунд үйлдвэрүүдэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход түлхэц болсон. Түүний удирдлаган дор “Alibaba” компани хөрөнгийн хэмжээгээр дэлхийн шилдэг 10 компанийн тоонд багтсан нь манай улсыг дэлхийн цахим худалдааны салбарт тэргүүлэх байр суурь эзлэх боломж олгосон гэж тус цахим хуудаст мэдээлсэн байна. 

Хэрэв намд элсэхээс татгалзсан тохиолдолд 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагаас өмнө Хятадын КН-ын Төв хороонд утсаар, биечлэн эсвэл цахим шуудангаар мэдэгдэж болох аж. 

“Alibaba Group” нь цахим арилжааны салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниудын нэг юм. Тус компанийг Хятадын бизнес эрхлэгч Жэк Ма /Хятад нэр нь Ма Юнь/ 1999 онд байгуулжээ. 2018 онд компанийн хөрөнгийн хэмжээ 500 орчим тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бол дэлхий даяар бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 80 саяд хүрчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS