Алибабагийн үүсгэн байгуулсан Ант Группын IPO дэлхийн бизнес, технологи болон санхүүгийн ертөнцийн мэдээний нэг нь болоод байгаа. Алибаба, Ант гэвэл мэдээж Жак Ма (Ma Yuan).

Инженер, технологийн ямар ч суурьгүй тэрээр триллион доллараас илүү үнэлгээтэй бизнесүүдийг босгож чаджээ. 

БНХАУ-ын англи хэлний багш байсан Жак Ма 1999 онд Алибаба гэх онлайн худалдааны компаниа анх байгуулж байжээ. Тус компани хожим нь 2014 оны 9 сарын 19 өдөр Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд гаргаж, тухайн үедээ хамгийн өндөр үнэлгээтэй технологийн IPO-оор тодорсон билээ.

Өнөөдөр Алибаба группын охин компани болох Ант Группын (fintech company) IPO нь UBER, Saudi Aramco-г даван дэлхийн хамгийн том үнэлгээтэй IPO (компаний үнэлгээ 230–250 тэрбум ам доллар) болохоор зэхэж буй.

Жак Ма нь БНХАУ-ийн түүхэн дэх анхны газрын, уул уурхайн, нефтийн лицензгүй “оюуны тэрбумтан”-аар тодорч байсан. Түүнтэй хамтарч Алибабаг байгуулсан 10 хүн (үүсгэн байгуулагчдын 5 нь эмэгтэйчүүд) долларын тэрбумтан болж, 20 гаруй мянган ажилчид нь долларын саятан болж байсан билээ.

Өндөр технологийн компани зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан хөгждөг учир олон улсын төвшинд өндөр технологийн компаниуд ажилчин бүртээ хувьцаа эзэмшүүлдэг жишиг байдгийг Алибаба бас дагасан хэрэг. Ант Группын кейсээс харахад нийт ажилчид компанийн 50-иас илүү хувийг эзэмшдэг ба IPO-н дараа олон долларын саятанууд ажилчид дундаас төрөх нь тодорхой болжээ.

Тухайн үедээ Алибаба компани Нью-Иоркын хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаагаа 68 доллараар үнэлж гаргасан ба хувьцааны үнэ нь 89.70 доллар хүрсэн өндөр амжилт үзүүлж, хөрөнгийн бирж хаах үед 89.93 долларт хүрч, дунджаар 38.07 хувь өсч, 231.4 тэрбум долларын үнэтэй компани болж байсан нь саяхан.

Харин өнөөдөр Алибабагийн зах зээлийн үнэлгээ 842 тэрбум доллар байгаа ба энэ нь дэлхийн нийт GDP (Global GDP 2019: $87.7 trillion)-н 1 орчим хувьтай тэнцэх дүн юм. Bloomberg-н 2017 оны нийтлэлд Жак Ма болон тус компанитай хамаарал бүхий 10 тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 100 тэрбум долларыг давж байсан нь дэлхийн 136 орны эдийн засгаас илүү үзүүлэлт байсан тухай дурдсан.

Алибабаг үүсгэн байгуулагч Жак Ма нь 1982 онд 10 жилээ төгсөөд их сургуулийн элсэлтийн математикийн шалгалтандаа нэг л оноо авсан гэдэг. 1983 онд 2 дах удаагаа шалгалт өгөөд математикийн оноо нь зөвхөн 19 болж өссөн. Ингээд Жак Магийн аав нь түүнд 3 дугуйтай хүн тэрэг авч өгсөн ба тэрээр өдөр нь хар ажил хийж, оройгоор нь математикийн гүнзгийрүүлсэн сургалтад суудаг байж.

1984 онд 3 дахь удаагаа шалтгалт өгөн математикийн шалгалтандаа 89 оноо авч, Ханжу хотын багшийн их сургуулийн англи хэлний ангид элсэн, 1988 онд төгсөн, Ханжу хотын Электроникын Шинжпэх Ухааны Их Сургуульд англи хэлний багш болжээ. 1991 оноос эхлэн Жак Ма орчуулгын товчоо байгуулан бизнест анх хөл тавьсан. Сарын орлого нь 700 юан, харин байрны түрээс нь 2000 юан байв. Тиймээс түрээсээ төлж ашигтай ажиллахын тулд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа хийж байжээ.

1995 онд Жак Ма анх удаа АНУ-д зочилж, интернет гэдэг шинэ бизнесийн салбар гарч ирж буйг ажиглаж, нутаг буцаж ирэн хамтран ажиллаж байсан багш болон эхнэртэйгээ Хятадын Үellow Page гэсэн компаний вэбсайт хийдэг компани байгуулжээ. 3 жилийн дараа тэрээр хамтрагчийн хамтаар 5 сая юаны хөрөнгөтэй болсон байна.

1997 онд БНХАУ-ын гадаад худалдааны яамтай хамтарч засгийн газар, яам агентлагийн вэбсайт болон Хятадын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах вэбсайт үүсгэн байгуулжээ. 2 жил ажилласны эцэст төрийн байгууллагын хүнд сурталаас залхаж, 1999 онд гадаад худалдааны яамны ажлаас гарч, Алибаба гэх компани байгуулж онлайн худалдааны үйлчилгээ явуулахаар сэтгэл шулууджээ. 2003 онд Алибабагийн хамтрагчдаасаа нууцаар эрдэнэсийн эрэл гэх компани байгуулж байсан ба мөн 2004 онд онлайн төлбөр тооцооны компани хүртэл байгуулж явжээ.

Жак Ма нь өөрийн компаний үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд АНУ-ын Үаhоо, Японы Softbank гэх мэтийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, өнөөдрийн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Алибаба компанийг хөгжүүлжээ.

1970-аад оноос эхэлж хөгжсөн өндөр технологийн аж үйлдвэрийн компаниуд нь зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан улс орны эдийн засаг, аж үйлдвэрийг хөгжүүлэхээс гадна олон хүнд өндөр технологийн ажлын байр олгож, ам долларын тэрбумтан болон саятангуудыг бүтээдгийг дэлхийн олон орны жишээнээс харж болно.

Жак Магийн бусад залуу энтрепренерүүдэд өгөх нэг том сургамж нь жинхэнэ мэдлэгийн компанийн үүсгэн байгуулагч дан ганцаараа баяждаггүй, харин олон арван тэрбумтан, саятангуудыг үүсгэдэгт оршино. 

Тухайлбал, Жак Ма үүсгэн байгуулсан компанийхаа 10 гаруйхан хувийг л эзэмшдэг. Үүнтэй адилаар Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс үүсгэн байгуулсан компанийхаа ердөө 1 хувийг л эзэмшдэг. Энэхүү эзэмшлийн хувиа цаашид ч багасгах тухайгаа олон нийтэд зарлаад буй.

Өнөөдөр Монголчууд бидниймөнгө олох ганц гарц нь Таван Толгойн нүүрс, Оюу Толгой, Эрдэнэтийн алт, зэс, молибдэн болжээ. Үүн дээр нэмэгдээд хэдэн малын мах, арьс шир ноос. Сүүлийн үеийн мэдээнээс харвал Монгол хүнийг ямар нэг хэлбэрээр хил давуулах наймаа нэмэгдэх төлөвтэй.

Сүүлийн үед дотоодын технологийн компаниудын оюуны бүтээл дэлхий нийтэд үнэлэгдсэн бахдам кейс гарч байгаа. (Тэдний жишгийг дагасан олон олон өндөр технологийн компаниуд гараасай.)

Ийм хязгаарлагдмал, боогдмол нөхцөлд бид жинхэнэ Монгол оюуны тэрбумтнууд хэрхэн бүтээх вэ? Нөөц бололцоогоо хэрхэн ашиглах вэ?

Монгол оюуны тэрбумтнуудыг үүсгэх шинжлэх ухааны дэд бүтэц, инженерчлэлийн дэд бүтэц, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна чиглэл бүрийн магистр доктрантурын сургалтыг эрчимжүүлж, инновацийн бүх төвшний салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын иж бүрэн тогтолцоог үүсгэн байгуулах тулгуур ажлыг эхлүүлэх шаардлагатай ба эдгээр нь ердөө л их ажлын эхлэл байх .

Дэлхийн оюуны тэрбумтаны өлгий нутаг болсон АНУ-ын Цахиурын Хөндий (Silicon Valley) дахь технологийн компаниудын удирдлагад Энэтхэг гаралтай хүмүүсийн эзлэх хувь Хятад гаралтай хүмүүсээс олон байгаагийн нууцыг дэлхийн олон орон судалж байна.

Станфорд их сургуулийн судлаачдын дүгнэснээр бол Энэтхэг гаралтай хүмүүсийн зохион байгуулалттай нийгэмлэг, клуб нь АНУ-ын Цахиурын Хөндийд олон гэнэ. Эдгээр байгууллага, нийгэмлэг, клубуудаар дамжуулан Энэтхэг гаралтай дэлхийн удирдагчдыг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагаа явуулдгаар нь бусад үндэстнээс илүү хүчтэй байдаг гэж үзжээ.

Израил, Финланд, Албани, Энэтхэг, БНХАУ зэрэг өндөр технологийг эрчимтэй хөгжүүлж буй улсуудын туршлагаас харахад дэлхийн тэргүүний их сургуулиудад оюутнуудынхаа клубыг байгуулж, тэднийг глобал институцийн удирдагч болгон хөгжүүлэх, дэмжих ажлыг идэвхитэй хийдэг аж.