Alibaba группын охин компани болох Ant Financial блокчэйн технологи дээр суурилсан олон улсын мөнгө шилжүүлгийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн тухай Bloomberg мэдээлжээ. Одоогоор энэ үйлчилгээнд зөвхөн Хонконг, Филиппинчүүд хамрагдах боломжтой ажээ. Гэсэн хэдий ч яваандаа энэ хил хязгаарыг давах нь ойлгомжтой.

Төсөлд Gcash болон Globe Telecom Inc. компаниуд оролцжээ. Мөнгө шилжүүлэг нь Хонконгийн томоохон банкуудын нэг болох Standard Chartered банкаар дамжин хийгдэнэ.

Жек Магийн үзэж байгаагаар санхүүгийн байгууллагууд олон улсын мөнгөн шилжүүлгийг хэтэрхий өндөр үнэтэйгээр үзүүлж байна. Тэрбээр “Уламжлалт санхүүгийн байгууллагууд үйлчилгээгээ шаардлагатай байгаа хүмүүсийн 20-хон хувьд нь үзүүлдэг мөртлөө ашгийн 80 хувийг авдаг. Шинээр үүсч буй санхүүгийн байгууллагууд хүмүүсийн 80 хувьд үйлчилж ашгийн 20 хувийг л авах болно“ гэжээ

Өмнө нь Жек Ма нэг бус удаа криптовалютын тогтворгүй байдлыг шүүмжлэн хэлж байсан хэдий ч тухай бүр блокчэйн технологийн гойд шинж чанарыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн билээ.



Эх сурвалж: Крипто доогтэр