Алибабаг үүсгэн байгуулагч нь ажилчидаа долоо хоногийн 6 өдөр, өдрийн 12 цагаар ажиллуулахыг уриалсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл одоо Жэк Ма гэр бүл, тэр дундаа шинэ, залуу гэр бүлийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 

Тус компанийн 15 дахь “Али өдөр” хэмээх албан ёсны өдөрлөг өнгөрсөн баасан гарагт тохиожээ. Хятадын цахим худалдааны магнат “996” ажлын соёлыг дахин уриалж,  гэр бүлийн амьдралд “669” байхыг ажилчиддаа сануулжээ. 669 гэдэг нь долоо хоногийн 6 өдөрт гэр бүлийн хосууд хувийн харилцаанд орж байхыг бэлгэдсэн байна. 

54 настай тэрбумтан Жэк Ма хосуудыг илүү олон хүүхэдтэй болохыг уриалж байгаа нь илт байсан ба Хятадын засгийн газар хүн ам зүйн бодлогод санаа зовниж эхэлсэнтэй мөн холбоотой аж. 


2015 онд Хятадын засгийн газар нэг хүүхдийн бодлогыг халж буйгаа зарласан ба уг бодлогоос үүдэн хүн амын хүйсийн харьцаанд алдагдал гарсан. Цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтөд аюул үүсч болзошгүй гэсэн болгоомжоос тус бодлогыг эцэслэжээ.

Жэк Ма нь “Хүүхэд бол үл хөдлөх хөрөнгөөс илүү сайн хөрөнгө оруулалт” гэж мэдэгдсэн ба хүмүүст “669” зөвлөгөөг Weibo-гаар дамжуулан хүргэжээ. Гэвч энэхүү “669” горим нь ажлын “996” хуваарьтай хэр нийцэх талаар хэрэглэгчид эргэлзсэн ба зарим нь түүнийг “ёс зүйгүй” хэмээн шүүмжилжээ.

996 гэдэг нь нь өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл 12 цагаар, долоо хоногийн 6 өдөр ажиллах горим юм.