Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгалаа

Б.Баясгалан
03 сарын 20, 2021

Дэлхий нийтэд тархсан коронавируст халдварын цар тахлын үед улс орнууд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч ажиллаж байна. Манай улс ч энэ хүрээнд УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж буй. 

Гэвч цар тахлын тархалт эрчимжиж манай улс дотооддоо халдвар алдсантай холбоотойгоор УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

Иймд эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажлыг дээрх хуулийн хүрээнд үргэлжлүүлж, алт олборлолтын хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор боллоо. 

Энэхүү журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг энэ он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчиллөө.

Журамд дээрх өөрчлөлт орсноор алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм. 

2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23.6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.



Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.