Монголын Кино институсээс зохион байгуулдаг "Алтан өргөө" олон улсын кино наадам 6 дугаар сарын 4-7-нд цахимаар болно.

Энэ жилийн наадамд өрсөлдөх бүтээлүүдийг энэ сарын 15-нд хүлээн аваад байна. Энд 28 монгол бүтээл хүлээн аваад буйг зохион байгуулагчид мэдээллээ. Үүнээс 14 монгол бүтээл уралдаант хэсэгт шалгараад байна. 5 дугаар сарын 25-нд уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдийг mfi.mn сайтаар зарлав. 

Кино наадамд Монгол Улсаас Ц.Галсандоржийн "Аниргүй өдрүүд", Д.Эрдэнэбулганы "Зүйлийн төгсгөл", ОХУ-ын Алина Насибуллинагийн "Айсуй галт тэрэг", Ирландын Винсент Лэмбийн "Саатуулалт", Францын Жонатон Боржалийн "Тэнгисийн эрэг дээрх нэг өдөр", Швейцарийн Фабьенн Гизенданнерийн "Тэнгэр баганадагчид", АНУ-ын Марк Смитийн "Агаарын хоёр бөмбөлөг", мөн АНУ-ын Эрика Скоггинсийн "Эм дүд" зэрэг бүтээл уралдаант хэсэгт шалгараад байна. 

Уран бүтээлчид энэ удаагийн наадмын журмын дагуу баримтат, хүүрнэлт, хүүхэлдэйн кино болон эксперименталь кино гэсэн 4 төрлөөр богино хэмжээний бүтээсэн кинонууд ирүүлжээ. Түүнчлэн энэ жил тус наадамд "Milky way" хүүхдийн сэдэвт киноны төрлийг нэмж өрсөлдүүлэхээр болов. 

"Алтан өргөө" олон улсын кино наадмыг 2013 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Тус наадам Монголын үзэгч нарт арт киног таниулах, гадаадын уран бүтээлчдээс урам зориг авч, хөгжих боломжийг олгох зорилготойг зохион байгуулагчид мэдээлж байна. Монголын кино урлагт уран бүтээлчдийг шинэ давлагаар түүчээлэх зорилготойг мэдэгдэж байна. "Алтан Өргөө" олон улсын кино наадамд мөн энэ удаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй монгол бүтээлүүдийг бүртгэн авчээ. Энэ төрлийн бүтээл нь хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн хүчин чармайлт, оролцоо чухал байна гэдгийг уриалан харуулах, эерэг сэдвийн бүтээлийг түгээх юм.