Ливи улсын цэргийнхэн 2012 оны есдүгээр сард тус улсын Бенгази хот дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт үйлдсэн халдлагыг чухам ямар хүмүүс гардан зохион байгуулсан талаар мэдээлжээ. 

Мэдээний "Аль-Мутавассит" цахим хуудаст мэдээлж буйгаар, АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс болон тус улсын өөр гурван иргэний аминд хүрсэн уг халдлагыг зохион байгуулагчдын нэрсийг Ливийн Цэргийн ерөнхий прокурорын газрын дарга, хурандаа Али Мады лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 

Жагсаалтад орсон хүмүүсийн гурав нь зартай террористууд бөгөөд тэдний нэг нь Америкийн тусгайгийнхан 2014 онд Ливид баривчилж, АНУ-д хүргэснээс хойш дөрвөн жилийн дараа 22 жил хоригдох ял авсан Ахмед Бухтала аж. Тэрбээр террорист “Аль-Каида” байгууллагатай холбоо сүлбээ бүхий хэт давруу үзэлт салафитуудын "Ансар аш-шариа" бүлэглэлийн толгойлогчдын нэг юм. 

Түүнээс гадна Бенгазийн хэт давруу үзэлтнүүдийн толгойлогч Мохаммед Али аз-Захауи, "Ансар аш-шариа" бүлэглэлийн төрөлх Дерне хот дахь сүлжээг толгойлдог Суфьян бен Куму нарыг уг халдлагыг зохион байгуулагчид гэж үзэж байгаа аж. Мохаммед Али аз-Захауиг амиа алдсаныг 2015 оны нэгдүгээр сард мэдэгдэж байв. Харин зарим мэдээллээр, Суфьян бен Кумуг энэ оны зургадугаар сард Ливийн армийн явуулсан суурингуудыг чөлөөлөх ажиллагааны үеэр баривчилсан байна. Толгойлогчдынх нь ихэнхийг устгасны дараа "Ансар аш-шариа" 2017 оны тавдугаар сард өөрийгөө тараасныг мэдэгджээ. 

Ливийн цэргийн прокурорын батлан хэлснээр, Ахмед Бухатала бас "Роланд" хэмээх олон улсын сургуулийн багш эмэгтэй, Америкийн иргэн Рони Смитийг 2013 оны 12 дугаар сард Бенгазид хөнөөсөн хэрэгт холбоотой байна. Хэт давруу үзэлтнүүдийн нийтдээ гурван бүлэглэл оролцсон халдлагын гол зорилго нь Америкийн Элчин сайдыг хөнөөх бус харин барьцаалах байжээ. Террористууд түүнийг тухайн үед Гуантанамо дахь Америкийн баазын шоронд хоригдож байсан хамтрагч Халед бен Шиба гэгч этгээдээр солилцох зорилготой байсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS