Европ дахь НАТО-ийн хүчний удирдагч, дэслэгч генерал Бен Хожес Германы Frankfurter Allgemeine сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын талаарх бодлоо хуваалцсан байна. 

“Хүйтэн дайн дууссаны дараа бид ОХУ-г найдвартай хамтрагч болно хэмээн бодож, Зэвсэгт хүчний тоогоо эрс цөөлсөн. Харин одоо хүчин чадлыг нь дахин сайжруулах шаардлагатайг сайн мэдэж байна” хэмээжээ.

Түүний хэлснээр 2008 оны 8 сард ОХУ Гүрж рүү довтолсон явдал анхны сануулга болов: “Тухайн үед баруунд тэрхүү түрэмгийллийн утга, зорилгыг бүрэн ойлгоогүй. Магадгүй, ийм учраас л Украин руу дайран орж, Крымийг эзэлж болох юм байна гэсэн ойлголтыг Оросын талд төрүүлсэн байх” хэмээн генерал Хожес ярилцлагадаа дурьджээ.  

Мөн тэрээр: “2014 онд Оросуудын хийсэн тэр үйлдэл том алдаа болж, барууныханд сэргэх дохио өгсөн. Крымийг хууль бусаар нэгтгэн авахад НАТО болон Европын холбоо хэрхэн  хандах вэ гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч дутуу үнэлсэн гэж би бодож байна” гэжээ. 

Генерал Б.Хожес ОХУ-ын хилийн зурвасын ойролцоо болж буй НАТО-ийн сургуулилтын талаар: “Уэльсд болсон саммитын дараа бид Оросын талаас сүрдүүлэг мэдэрч буй НАТО-ийн гишүүн орнуудыг дэмжихийн тулд цуврал бага хэмжээний сургуулилтуудыг зохион байгуулсан. Гэхдээ энэ бүхэн үр дүнгээ өгөөгүй, Оросын удирдлагууд байр сууриа өөрчлөөгүй учир 2016 оны 7 сард Варшавт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-ийн гишүүн орнууд өмнө нь барьж байсан ятгах бодлогоо, айлган сүрдүүлэх бодлого болгон  өөрчлөхөөр шийдсэн.  Уулзалтын дүнд Балтийн тэнгисийн ойролцоох улс орнууд болон Польш дахь НАТО-ийн цэргийн хүчнийг нэмэгдүүлэх Enhanced Forward Presence стратегийг боловсруулсан.”

“Оросын тал НАТО-ийн сургуулилтыг өдөөн хатгалга гэж үзэж байна. Энэ бол Оросын стратегийн нэг хэсэг нь. Тэд мэдээж манай сургуулилтуудын нэр хүндийг унагаахыг хүсэж байгаа. Гэхдээ бодит үнэн бол: Европ болон АНУ-ийн нутаг дэвсгэр дээр нийт 87 танк байна, бүгдийг нь нэг хөлбөмбөгийн талбайд байрлуулчихаж болохоор. Харин Оросууд нутгийнхаа баруун хэсэгт байлдааны бэлэн байдалтай 800 танк бүхий Гвардийн 1-р танкийн армийг байршуулсан байна. Энэ бол жинхэнэ өдөөн хатгалга. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан бид Оросуудад хийж буй зүйлээ харуулахын тулд тэднийг үзүүлэн сургуулилтууддаа үргэлж урьдаг.” 

C:\Users\Batjargal\Desktop\peak news\pic\russland-uebt-den-krieg-drei-mal-so-oft-wie-die-nato.jpg

Эцэст нь: “Би маш ойлгомжтойгоор хэлмээр байна: бид ОХУ-г ухаан орох байх гэж найдан Орос улсад үүд хаалгаа нээлттэй орхисон. Орос бол олон улсын түвшинд маш их зүйлс санал болгож чадах хүчирхэг улс. Исламын терроризм, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний салбаруудын асуудлыг шийдвэрлэхийн тулд Баруунд ОХУ хэрэгтэй, ОХУ-д ч Барууны улсууд хэрэгтэй. Гэхдээ үүний тулд Орос улс маш хариуцлагатай байж, бусад улсын тусгаар байдлыг хүндэтгэх ёстой. Бид Крымийн аннексийн дараа юу ч болоогүй мэт дүр эсгэж чадахгүй, бид чинь XVIII эсвэл XIX зуунд амьдраагүй юм байгаа биз дээ” хэмээн генерал Хожес ярилцлагадаа дурьджээ. 

Эх сурвалж: Frankfurter Allgemeine