“Амьдрахуй”, “Вэн хот” зэрэг зохиолуудаараа монгол уншигчдад танигдсан  нэрт зохиолч Үй Хуа Монголд ирнэ. Тодруулбал,”Нэпко” хэвлэлийн газар, “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлж байгаа юм байна. Энэхүү төслийн анхны зохиолчоор Үй Хуаг урьжээ.

Зохиолч Үй Хуа  Үндэсний номын баярын өдрүүдээр буюу ирэх  есдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох ба уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгнө гэж төслийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Тэрээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг.  Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. 

Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ. 

Зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрээр зохиолчийн нэр хүнд төдий чинээ өсөж, Жэймс Жойсын нэрэмжит шагнал болон Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international зэрэг уран зохиолын нэр хүндтэй олон шагнал хүртсэн юм. 


Эх сурвалж: Nepko Publishing Нэпко Хэвлэлийн газар