Цэдэнбалын Цэрэндолгор
05 сарын 25, 2018
“Номын соёлт ертөнц" ТББ -аас зохион байгуулдаг уламжлалт номын баяр Сүхбаатарын талбайд болж байна.
Ном сонирхогчдын хүсэн хүлээдэг тус баярыг өдөрт дунджаар 10 мянга орчим хүн үзэж сонирхдог ажээ. Харин энэ удаа баярт гадаадын зочин оролцсонгүй. Учир нь Засгийн газрын тогтоолтой ХХААХҮЯамны өдөрлөгтэй холбоотойгоор НЗДТГазраас талбайн зөвшөөрөл олгохгүй номын баяр товлосон хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй нэлээд хугацаа өнгөрсөнтэй холбоотой юм. Маргааш ч бас үргэлжлэн болох номын баярын эргэн тойронд болсон үйл явдлыг сурвалжиллаа.
500 мянган төгрөгийн үнэтэй хуучны ном
Энэ өдөр эрэлттэй номын павилионы нэг бол хуучин номын хэсгийнхэн байв. Тухайлбал Ж.Неругийн “Ертөнцийн Түүхийг Сөхөн Үзвэл”, Д.Маамын “Газар шороо”, С.Эрдэнийн “Хойд насандаа учирна” зэрэг номууд үнэтэй ч уншигчид ч сонирхлыг татаж байгаа нь илт. Үнийн хувьд 35-10 мянган төгрөгийн хооронд байв. Мөн хуучин ховор номууд ч сонирхол татахгүй өнгөрөхийн аргагүй. Номын худалдаачин Ц.Ганцогийн тасагт гэхэд 10 орчим онцгой хуучны номууд байсан юм. Тэрбээр сүүлийн 20-иод жил ном зарсан нэгэн бөгөөд хүмүүс жил ирэх тусам номын үнэ цэнийг ойлгож байгаад баяртай байдаг гэв. Түүний тасгийн хамгийн үнэтэй ном нь “БНМАУ-ын Ардын хувцас”. 500 мянган төгрөгийн үнэтэй энэ номын зохиогч нь Төрийн соёрхолт, ардын зураач Ү.Ядамсүрэн, зохиолч Л.Сономцэрэн нар ажээ. 1667 онд хэвлэгдсэн онд хэвлэгдсэн энэ ном цөөхөн хэдхэн хувь үлдсэн бөгөөд хүмүүсийн гар дээр хадгалагдаж байдаг ажээ.
Түүний хэлсэнээр уйгаржин бичиг дээрх эртний ном судраа олдоц ховор тул үнэ өндөр байдаг гэв.
Шилдэг ном, эко хэрэглээ, жинхэнэ хямдрал
Номын баярын үеэр СГЗ Г.Аким, нэрт орчуулагч Ж.Нэргүй, Д.Болдбаатар, О.Чинзориг, сэтгүүлч СГЗ Б.Ганчимэг, орчуулагч Д.Гүн-Үйлс нарын эрхмүүдийн номын өргөө энэ өдөр зочдын хөлд дарагдаж байлаа. Мөн олонд танигдсан “Нэпко”, “Монсудар”, “Болор судар”, “Номын хүрд”, “Тагтаа” зэрэг хэвлэлийн газрууд бүгд уг баярт оролцож уншигчдадаа ном, бүтээлээ 20-70 хувийн хямдралтай санал болгосон юм. Жил бүр баяртаа идэвхтэй оролцдог ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болсон зохиолч, орчуулагч, уран бүтээлчид уншигчидтай уулзахаар ном бүтээлээ зэхэн иржээ.
Энэ өдөр хамгийн эрэлттэй байсан номнуудыг дурьдвал “Непко”-гийн “Путин”, “Болор Судар”-ын хэвлэсэн зохиолч Д.Төрбатын “Эх дагинын далд түүх”, Тагтаа хэвлэлийн газрын хэвлэсэн Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн дурсамж, дурдатгалийн "ИСТАНБУЛ: дурсамж ба хот", зохиолч Б.Дариймаагийн "Цэлмэг тэнгэрийн үнэр" зэрэг ном бүтээлүүд байв. “Тагтаа”-гийнхан номын хорхойтнуудад зориулж "Утга зохиол бол миний утопи", "Нохой мэт үнэнч" гэсэн бичигтэй даавуун тор, суут зохиолчдын зураг, номын хавчуурга санал болгож байсан нь уншигчдын анхаарал татаж байлаа.
"Хуучин байшингийн цэнхэр нүдэн" нээлтээ хийв
Номын баярын үеэр зохиолчид номын хуримаа хийсэн юм. Тодруулбал, “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номныхоо “Зун” хэмээх хэсгийг сонсдог ном болгосон сэтгүүлч Р. Оюунжаргал уншигчдад бүтээлээ танилцуулав. Мөн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Тангадын Мандирын “Саран зэв”, “Нөмгөн эр” номын нээлтээ хийлээ.
Сэтгүүлч Р.Оюунжаргалын хувьд “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” ном нь сумын наадамд морьдын сайныг унадаг, том болоод нэгдлийн дарга болж, сумын төвөө Москвагийн хөдөө шиг гоё болгохыг мөрөөддөг байсан догь жаал охин зуны дэлгэр цагт юу хийж, хэрхэн манаргаж явдаг байсан тухай өгүүлдэг ажээ. Уг сонсдог номын хувилбарыг радиогийн алдарт нэвтрүүлэгч СГЗ Б.Рагчаа уншсан байна.
Мөн түүний бичсэн дэлхийн суут 32 хөгжмийн зохиолчийн намтар, уран бүтээлийн замнал, амьдралын сонирхолтой агшнууд, сор болсон бүтээлүүдийнх нь тухай энгийн, ойлгомжтой хүүрнэн бичсэн "Сонгодог хөгжим" номоо эрэлттэй номын нэг байлаа.
Хүүхдийн ном хамгийн эрэлттэй нь
Удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаа болоод ч тэр үү энэ өдөр хүүхдийн ном бүтээлүүд эрэлттэй байлаа. Тухайлбал гадаад номын тасаг, Монсударын “Жангар” номын редакцийн номуудыг эцэг эхчүүд бэлгэнд боолгож байхтай таарсан юм.
Тухайлбал “Энд нэг л юм болохгүй байна даа” ном 8300 хямдарч 6300, Винни Пүүхийн цуврал номууд 10 мянган төгрөгөөс 7000 болж болж хямдарсан байв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.