Хүүхдийн зохиолч, хүүхдийн сэтгэл судлаач А.Найгалмаатай ярилцлаа. Тэрбээр “Миний ном” цуврал ном, “Маамуу” хүүхдийн нэвтрүүлгийн зохиолч юм. 

Сонирхуулахад бид хүүхдийн зохиолч, хүүхдийн сэтгэл судлаач А.Найгалмаатай хамтран 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр буюу ирэх пүрэв гарагт "Хүүхдийн хэл яриа, сэтгэл зүйг номоор хэрхэн дэмжих вэ?" сэдвийн хүрээнд эвент зохион байгуулах гэж байна. 

Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоос аваарай.



Таны хүүхэд эх хэлээрээ өөрийгөө илэрхийлж чадаж байна уу?

“Манай хүүхэд англиар өнгөө хүртэл цээжилчихсэн, англиар маш сайн ярьдаг” гэж зарим ээж аавууд бахархангуй ярьдаг.  

Үнэндээ өдөржин дэлгэц үзэж суугаа хүүхэд сонсож буй тэр үгсийг автоматаар сурна. 

Гэхдээ эх хэлээрээ ярьж сураагүй тул өөрийгөө илэрхийлэх чадвар нь тун сул байдаг. Тиймээс хүүхэд тань англиар шулганаад эхэлбэл хүүхэдтэйгээ харилцахдаа илүү их цаг гаргаарай.

Монгол хүүхэд эхлээд эх хэлээрээ хэлд орох учиртай. Жишээ нь цэнхэр өнгийг монголоор нүдлүүлээд англиар ч хэлж сургаж болно. Ингэснээр хүүхэд хос хэлтэй болж өсдөг. 


Хэл ярианы хоцрогдол гэр бүлийн харилцаатай холбоотой 

Сүүлийн үед хүүхдүүд хэлд орох нь удаан болсон талаар эмч нар онцлон ярьж байна. Анагаах талаас үзүүлэхээр эрүүл хэрнээ ярьдаггүй хүүхдүүд нэмэгджээ. Энэ нь тухайн гэр бүлийнхэн хүүхэдтэйгээ маш бага харилцаж байгаагийн илрэл юм.

Судалгаагаар дэлгэц их үздэг хүүхэд үе тэнгийнхнээсээ муу ярьдаг, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хэлд орохдоо удаан байгаа нь батлагдсан. Цаг гарган ярьдаг, сонсдог, юу илэрхийлэх гэж байгааг нь анзаарч, авиаг нь хэлэхэд тусалдаг бол хүүхэд тэр хэрээрээ хурдан хэлд ордог.

Хүүхэдтэйгээ ярихдаа хэлээ зажилж, үгээ буруу хэлж өхөөрдөх нь буруу. Бид нарын хайрын хэл хүүхдэд бүхлээрээ үгийн дуудлага, үгийн баялаг болж хадгалагддаг гэдгийг бүү мартаарай.


Ном худалдаж авч өгдөг ч уншиж өгөхөд цаг гаргадаггүй юм биш биз?

Нэг үеэ бодвол манайхан хүүхдээ номтой нөхөрлүүлэх тал дээр эерэг ойлголттой болсонд олзуурхдаг. 

Гэхдээ байнга ном авч өгдөг, баялаг номын сантай ч хүүхдэдээ ном уншиж өгдөггүй бол та өөрийгөө сайн аав ээжид тооцох хэрэггүй.

Харин номыг нь хүүхэдтэйгээ хамт элээтэл унш, хуудас бүрийг нь ойлгож, түүнийг яриулаарай.

Ингэсэн цагтаа л “Би хүүхдэдээ оюуны хөрөнгө оруулалт хийлээ, хэл ярианых нь бас сэтгэл зүйн хөгжлийг дэмжлээ, танин мэдэхүйн хөгжилд нь бага ч гэсэн хувь нэмэр орууллаа” гэж бодох хэрэгтэй.

Ном уншиж өгч буй цаг хугацаа нь хүүхдээ хайрлаж байгаа, хүүхдэдээ зарцуулж буй нандин мөч гэдгийг хэзээ ч бүү мартаарай. 

Аав ээж нь ном уншиж өгөх үед хүүхэд хайрлагдсан мэдрэмжийг авдаг. 


Хүүхдэдээ ном уншиж өгөх нь тусдаа арга зүй тул суралцаарай

Дөнгөж 3, 6, 9-хөн сартай хүүхдэд яаж ном уншиж өгөх вэ гэж зарим эцэг эхчүүд асуудаг юм. Зарим залуусын хувьд энэ тал дээр нэлээн судалж уншсан харагддаг. 

Харин хэрхэн ном уншиж өгөх арга техникээ олохгүй байгаа аав ээжүүд байгаа бол сайн мэдээ дуулгая. 

Рeak.mn сайтаас зохион байгуулах эвэнтэд би энэ бүх арга техникийн талаар хуваалцах юм.

Энэхүү эвэнтэд 0-7 настай хүүхдүүдтэй ээж аавууд ирвэл илүү амьдралдаа шууд хэрэгжүүлээд явах боломжтой гэж харж байна. 

Машин техник гар утас хүртэл он загвараар өөрчлөгдөж байна. Эцэг эхчүүд ч гэсэн цаг үетэйгээ хөл нийлүүлж хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа, ээж аав байх боловсролдоо анхаарах ёстой юм шүү.