УИХ-ын дарга Ц.Занданшатарын ивээл дор 29 дэх удаагаа зохиогдож байгаа Номын баяр Сүхбаатарын талбайд 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ удаа "Илүү уншъя" уриан дор 200 гаруй номын асар дэлгэгджээ. 

Ховор хуучин номноос эхлээд, хэвлэлтээс гараад удаагүй халуунаараа байгаа шинэ бүтээлүүд уншигчдаа хүлээж байна. Цар тахлын улмаас энэ удаагийн номын баярт багачуудын оролцоо бага байлаа. Гэсэн ч хүүхдэд зориулсан 20 гаруй асар өдөрлөгт оролцож байна. Хүүхдэдээ зориулан ном худалдан авах, сонирхох эцэг эхчүүд цөөнгүй байлаа. Үүнтэй холбогдуулан уншигч та бүхэнд хүүхдийн номын гурван асрыг онцлон хүргэж байна.

Бичлэг үзэх:


1. Монголын хүүхдийн зохиолчдын асар

Монголын хүүхдийн зохиолчдын төлөөлөл болж "Эвт үзэг" төвийн зохиолч Ч.Наранцэцэг, Ц.Энхтүвшин, Б.Ганчимэг нар оролцож байна. Тус асарт нийт 15 зохиолчийн  ном бүтээлүүд өрөөтэй байна. Тухайлбал энэ жил зохиолч  Ц.Энхтүвшин шинээр хоёр хэвлүүлжээ. Монголын хүүхдийн зохиолчдын УЗ-ын гишүүн, зохиолч Ч.Наранцэцэг асраа танилцуулсан юм.

 Тэрбээр уншигч олонд "Номын баяр"-ын мэнд дэвшүүлэхийн хамтаар "Хүүхдийн ном зохиол нь эцэг эхчүүдэд ч мөн зориулагдсан байдаг. Хүүхдийн зохиолчид хамтран "Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр" номыг эрхлэн гаргаад байна. Энэхүү бүтээлд үе үеийн шилдэг зохиолчдын сор бүтээлүүд багтсан" гэв. 

Монголын хүүхдийн зохиолчдын асар  
 

2. EQ  kiddyZ 

EQ KiddyZ төсөл “Хүчирхэг сэтгэл зүй”-г төлөвшүүлэх 20 гаруй нэр төрлийн ном, бүтээгдэхүүндээ 30% хямдрал зарлаж байгаа юм. 

"EQ Education Group”-ийн үүсгэн байгуулагч Ц.Алтансор хэлэхдээ " Хүн нийгэмд ямар байр суурь эзлэх, амжилт гаргах, сэтгэл зүйн хувьд тогтвортой, аз жаргалтай амьдарч чадах эсэхэд нөлөөлөх хамгийн чухал суурь нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар юм. Тиймээс манай байгууллага оюун санааны хувьд амар амгалан, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй, уян хатан, суралцах чадвартай 21-р зууны иргэдийг бэлтгэх, алсын харааныхаа хүрээнд EQ KiddyZ төслийг санаачлаад 3 жил болж байна." гэж ярьсан юм.

Энэ удаагийн "Номын баяр"-ыг тохиолдуулан Jayneen Sanders-ийн нийгэмшихүйн багц цувралын үргэлжлэл болох “Төгс биш гүнж, эелдэг луу хоёр”, “Өөрчлөлтийг өөрөөсөө” номын нээлтийг хийжээ. “Төгс биш гүнж, эелдэг луу хоёр” ном нь нөхөрлөл, олон талт үзэл, өөрөө өөрийнхөөрөө байх, түүнийг хүлээн зөвшөөрөх тухай үлгэр юм. Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдэд зориулан хүүхдийнхээ бусдыг ойлгох эмпати чадварт суралцуулах харилцан ярилцахад туслах асуултыг багтаасан. Харин “Өөрчлөлтийг өөрөөсөө” ном нь хүүхдүүд бусдыг ойлгох чадвар, сайхан сэтгэл, тэгш эрх, байгаль орчны талаарх мэдлэгээ ашиглан эерэг өөрчлөлт авчрах 40 гаруй санааг багтааснаараа  онцлогтой.


"EQ kiddyZ" төслийн багийнхны номын асар
 

3. Уншигч бяцхан зөгий 

Хүүхдийн номын орчуулагч, редактор Гэрэлмаа орчуулгын 18  бүтээлээрээ "Номын баяр"-т гурав дахь удаагаа оролцож байгаа аж.

Тэрбээр " Хэдий цар тахалтай байгаа ч номын баярыг зорин ирэх хүмүүс их байна. Бидний зүгээс зургаагаас дээш насны хүүхдэд зориулсан орчуулгын уран зохиол, шинжлэх ухааны номоо танилцуулж байгаа.

Тухайлбал хэвлэлтээс гараад удаагүй байгаа зохиолч Скотт Рассел Сандерсын "Зэрлэг амьтдын инженер" номд ирээдүйд байгаль дэлхий хэрхэн техникжиж байгаа талаарх үйл явдлыг 13 настай охиноор дүрслэн үзүүлдэг. Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч унших боломжтой" хэмээн орчуулгын бүтээлүүдээсээ онцоллоо.

Уншигч бяцхан зөгий номын асар