Нар хур тэгширсэн энэ өдрүүдэд төв талбайд номын цагаан асрууд дэлгэгдэж, нийслэл хотод маань чимэг нэмжээ. Уншигчдын оюуны цангааг тайлж, зохиолч уншигчийг учруулж буй  Номын баяр-2021 арга хэмжээ өнөөдөр гуравдахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын дарга Ц.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр "Илүү уншъя" уриан дор 200 гаруй номын асар дэлгэгджээ.

Хайрлаж хүндэлдэг зохиолчийнхоо номыг, гарын үсэгтэй нь аваад баярлан хөөрч буй залуустай бид таарлаа. Тиймээс энэхүү нийтлэлээрээ хөл хорионы хугацааг үр бүтээлтэй өнгөрөөж, шинэхэн бүтээлүүдээ дэлгэн тавьсан зохиолчдыг онцолж байна.


МУСГЗ, зохиолч Г.Аюурзана

"Альфа бүүк" номын дэлгүүр зохиолч Г.Аюурзанын "Шинэ үеийн номын сан" цувралыг дахин хэвлэж, уншигчдадаа сонирхуулж байна. 

Тэрээр хэлэхдээ энэхүү “Номын баяр” арга хэмжээ улсын минь шинэ өнгө төрх болж буйд бахархаж байна. Төв талбай дээр хүрэлцэн ирж, ном худалдан авч байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд байна. Залуучууд номыг эрж сурдаг, шимтэн уншдаг, нэгэндээ бэлэглэдэг соёл тогтож байгаа нь авууштай хэрэг гэв. 

Бичлэг үзэх: 


"Зүүн хүрээ" коллежийн захирал Г.Мягмарсүрэн

"Номын баяр"-2021 арга хэмжээнд хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон бүтээл дэлгэгдснээс гадна шашин судлалын зохил бүтээлүүд цөөнгүй харагдлаа. 

Тухайлбал, Зүүн хүрээ дашчойлон хийд бурханы шашин соёл судлалын хүрээлэн эрдэмтэн лам нарын бүтээсэн, хөрвүүлсэн ном судраараа оролцож байна. Онцлох бүтээлийн хувьд Бодь мөрийн зэргийн дээд бичиг болох 1500 орчим хуудас бүхий томоохон бүтээлүүдээ сүсэгтэн олондоо дэлгээд байгаа аж.  

Бичлэг үзэх:


TomYo EdTech CEO, энтерпрeнер В.Баярсайхан

Тэрээр энэ удаагийн арга хэмжээнд анх удаа номын зохиолчийн хувиар оролцож байгаа аж.

Тэрбээр "Номын баяр"-ын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Өмнө нь Номын баяр-т оролцогчийн үүднээс ном, бүтээлтэй танилцаж байснаас зохиолчоор оролцож байсангүй. Маш их догдолж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олж авсан туршлага, мэдлэгээ ном болгон, илүү олон хүнд хүргэх боломж бүрдсэнд баяртай байгаа. Энэхүү номоо Чимэгэ системийн тусламжтай нэг сар гаруйн хугацаанд бичиж дуусгасан. Мөн залуу үеийг сурж мэдэхийн төлөө, хөгжиж дэвшихийн тулд эрдэм мэдлэгт "өлсгөлөн" байгаад сэтгэл өег байна" гэсэн юм.

Бичлэг үзэх:


"МУИС пресс" хэвлэлийн газрын маркетинг хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвсүрэн

МУИС-ийн эрдэмтэд, багш нарын судалгааны бүтээл, зохиолын дээжсийг дэлгэсэн номын асраар зочиллоо. Энэ удаагийн номын баярт эрдэмтэд, багш нарын бүтээлээс 180 гаруй судалгаа, шинжилгээний ном, товхимолууд дэлгэгджээ. Дашрамд дурдахад "МУИС пресс" хэвлэлийн газраас гаргасан мэргэжлийн сурах бичгүүд  10-50 хувийн хямдралтай худалдаалагдаж байгаа юм.

Бичлэг үзэх: