АНУ-д хүнсний бүтээгдэхүүн, орон сууц болоод бусад чухал бүтээгдэхүүний үнэ өссөнөөр инфляц сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.

АНУ-ын Хөдөлмөрийн хорооноос мягмар гарагт мэдэгдсэнээр өнгөрөгч гуравдугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс 8.5 хувиар өссөн байна. Америкийн Автомашины холбооноос гаргасан судалгаагаар, нэг галлон бензиний дундаж үнэ 4.10 ам.доллар болсон бөгөөд энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад даруй 43 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Шатахууны үнийн өсөх нь бараа бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийн өртөгт шууд нөлөөлж, улмаар инфляцын түвшинг хөөрөгдөхөд хүргэж байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, инфляцын түвшин эрчимтэй өсөж байгаагаас үүдэн АНУ-ын Холбооны нөөц ойрын хугацаанд бодлогын хүүгээ эрс нэмэгдүүлэх гэнэ.