2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трамп тус сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байна хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Хоган Гидли АНУ-ын Сенатын тагнуулын тусгай хорооны илтгэлд тайлбар өгөхдөө мэдэгджээ. Тус илтгэлд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс нөлөөлсөн гэх тусгай албаны дүгнэлтийг сенатын гишүүд дэмжжээ.
 
“Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгаагаа Д.Трамп олон ч удаа тодорхой хэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байр сууриа хамгаалж байна гэж тэрбээр мөн хэлсэн” хэмээн Гидли ярьжээ.
 
2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх тухай Америкийн тусгай албадаас танилцуулсан мэдэгдлүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаагаа Тусгай хорооны сенатын гишүүд өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. Д.Трамп, түүний ойрын туслахууд өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын албан ёсны этгээдүүдтэй хууль бус харилцаатай байгаагүй гэж нэг бус удаа мэдэгдээд байсан юм. ОХУ-ын эрх баригчид ч мөн энэ мэдэгдлийг няцаадаг юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг