АНУ-ын эрх баригчид 655 сая ам.долларын үнэ бүхий зэрэг галладаг 20 тийрэлтэт систем болон холбогдох тоног төхөөрөмж, байлдааны техникийг Польшид нийлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ тухай Америкийн Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд багтдаг засгийн газрын байгууллага мэдээлсэн байна. Энэ байгууллага нь Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаадын орнуудад байлдааны техник, зэвсэг нийлүүлэх асуудлыг хариуцдаг аж.

Тус байгууллагын мэдээлснээр, Вашингтон болон Варшав хооронд хүрсэн тохиролцоог үндэсний хууль тогтоомжийн дагуу биелүүлэхэд Төрийн Департаментаас олгодог зөвшөөрлийг авсан байна. Америкийн Засгийн газар гаргасан шийдвэрийнхээ талаар тус улсын Конгресст хэдийнэ албан ёсоор мэдэгджээ. Одоо АНУ-ын хууль тогтоогчид 30 хоногийн хугацаанд цэргийн шинэ гэрээг судалж, хориг тавих эсэхийг шийдэх ёстой. Гэхдээ НАТО дахь АНУ-ын холбоотон болох Польш улстай байгуулсан энэ гэрээг хэрэгжүүлэхийг Конгресс 100 хувь дэмжинэ гэдэгт бараг бүрэн итгэлтэй байж болно гэж шинжээчид үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS