Засгийн газрын үйл ажиллагаа дахин түр зогсохоос зайлсхийхийн тулд Холбооны Засгийн газрыг энэ оны 9 дүгээр сар хүртэл санхүүжүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенат баталжээ. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 5,7 тэрбум ам.доллар олгохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүссэн хэдий ч төсөвт тусгаснаар 1,37 тэрбум ам.долларыг олгох аж.

Хуулийн төслийг одоо Конгрессын доод танхим батлах ёстой бөгөөд дараа нь Цагаан ордны тэргүүн гарын үсэг зурах аж. Засгийн газрын үйл ажиллагаа дахин түр зогсохоос зайлсхийхийн тулд Д.Трамп хуулийн төсөлд гарын үсэг зурна гэж АНУ-ын Засаг захиргааны хэвлэлийн алба өмнө нь мэдээлсэн  юм.

АНУ-ын Конгресс 2019 оны төсвийг батлаагүйгээс үүдэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос хойш Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон билээ. Энэ оны төсөв батлагдаагүйн гол шалтгааныг дурдвал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт 5 тэрбум гаруй ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын харьяа яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогссон юм. 

Цагаан ордон болон Конгресс нэгдүгээр сарын 25-нд Засгийн газрын үйл ажиллагааг түр сэргээх тохиролцоонд хүрснээр, 35 хоног үргэлжилсэн түр гацалт арилсан. Түр сэргээх тохиролцооны хугацаа хоёрдугаар сарын 15-н үргэлжлэх ёстой байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/ТАСС/