Саруулын Ариунжаргал
09 сарын 02, 2019
Zeel платформоос Миленниал буюу Мянганыхан гэгддэг 23-37 насны залуусын дунд санхүүгийн хүрэлцээтэй байдал хэр тогтвортой байдаг талаар санал асуулга явуулахад 300 оролцогчийн тал нь буюу 51.4% нь цалингаас цалингийн хооронд аж төрж байгаа гэсэн дүн гарсан байна.
Олон нийтийн дунд сарын турш нээлттэй явуулсан санал асуулга нь залуусыг өөрийн хувийн санхүү, орлогын өнөөгийн төвшиндөө ямар үнэлэлт дүгнэлт өгдөг, мөн ирээдүйд санхүү орлогодоо ямар хүлээлттэй байдаг болохыг судлах зорилготой явагдсан. Судалгаанд хамрагдсан залуусын дундаж нас 33.6 байсан ба энэ нь ажил хөдөлмөр эрхлэлтийнхээ ид үед явж буй нас гэсэн үг юм.
Санал асуулгаар залуусын өнөөгийн санхүүгийн сэтгэл ханамжийн байдлыг лавшруулан судлах үүднээс оролцогчдоос “таны зарлага орлогоосоо их байх тохиолдол ямар давтамжтай гардаг вэ?” гэсэн асуулт асуухад 44.8% нь жилд 1-3 удаа, 20.7% нь жилд 3-аас дээш удаа, үлдсэн оролцогчдын 22.8% нь сар бүр орлогоосоо давсан зарлага гаргаж амьдардаг гэсэн хариултыг өгсөн нь анхаарал ихээхэн татаж байна. Тодорхойлбол, 88.3%-тай тэнцэх оролцогчдын сарынх нь орлого зарлагаасаа бага байх тохиолдол хааяа болон байнга гардаг, харин ердөө 11% нь л санхүүгийн асуудал, хүндрэлгүй амьдардаг гэж дүгнэжээ.
Цаашилбал, санал асуулгын дүнгээр 3 залуу тутмын 2 нь санхүүгээ зээл авч тогтворжуулдаг, зарлагаа нөхдөг гэж хариулсан байна. Тэдний 43.8% нь зөвхөн цалингийн орлоготой бол үлдсэн хэсэг нь нэгээс дээш тооны орлогын эх үүсвэртэй байдаг ажээ.
Мөн тэдний 44% нь мөнгөний яаралтай хэрэгцээ гарах үед финтек үйлчилгээг нэн тэргүүнд сонгож үйлчлүүлэх хандлагатай байдаг байна.
“Хувь хүний санхүүгийн байдал тогтвортой бус үед хүн илүү их зарлага гаргадаг гэж судлаачид үздэг”
Сонирхуулахад, мянганы залуусын дийлэнх нь буюу 57.9% нь найз нөхөд болон бусад хүмүүстэй харилцаагаа тогтвортой байлгахын тулд санхүүгийн хувьд эрсдэл гаргадаг гэсэн хариултыг өгч байгаа бол 26.2% нь хувийн санхүүгийн менежментэд сошиал медиа сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.
Санал асуулгаар залуус санхүүгийн тогтвортой бус нөхцөлд амьдарч буй дүр зураг харагдаж байгаа ч, тэдний дийлэнх нь санхүүгийн ирээдүйн төлөвтөө өөдрөг хүлээлттэй байгааг судалгаа мөн харуулж байна. Нарийвчлан ажиглавал, тэдний 18.6% нь санхүүгийн байдлаа нэг жилийн дотор сайжирна гэж үзсэн бол, 64.8% нь 2-5 жилийн дараа дээрдэнэ гэсэн хүлээлттэй байдгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.