SDS: Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамгаалах тогтолцоонд шилжүүлэх бодлогын багц санал хүргүүллээ

Peak.mn
05 сарын 01, 2026

Социал Демократ Монголын Оюутны Холбоо /SDS/ Олон улсын ажилчдын эрхийн өдрийг тохиолдуулан “Оюутнуудыг хөдөлмөрийн мөлжлөг, дарамт, айдсаас чөлөөлье” уриан дор оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамгаалах тогтолцоонд шилжүүлэх бодлогын багц санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, УИХ-ынгишүүд болон холбогдох талуудад хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 20-ны хооронд хэрэгжиж буй “Student Day-2026” оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 их, дээд сургууль, коллежийн 3500 гаруй оюутантай уулзалт хийж, 2500 гаруй оюутныг хамруулсан цахим судалгааны үр дүнд оюутны цагийн ажил, дадлага, анхны ажлын гараанд тулгамдаж буй нийтлэг асуудлыг тодорхойлсон байна. 

Судалгаагаар оюутнууд ажил хийх хүсэлтэй боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх, цалин хөлс хугацаандаа олгогдохгүй байх, илүү цагийн нэмэгдэл авахгүй байх, хичээлийн цагтай зөрчилдөх, дадлагын зорилго алдагдах, ажлын байрны зохисгүй харилцаа, ялгаварлалд өртөх зэрэг эрсдэл түгээмэл байгааг онцолжээ.

Мөн 15-25 насны залуусын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн нийт ачаалал 24.0-26.0 хувьтай тэнцэж байгаа нь оюутан, залуусын анхны ажлын гараа болон ажил олгогчийн залуу ажилтан авах сонирхолд давхар дарамт үүсгэж байна гэж SDS үзэж байна.

SDS-ээс тодорхойлсон гол асуудал: 

Оюутнууд цагийн ажил хийх бодит хэрэгцээтэй ч гэрээ, цалин, ажлын цаг, илүү цагийн нэмэгдэл, дадлагын чанарын баталгаа сул байна. Оюутны цагийн ажил, дадлага, гомдол мэдээлэл, ажил олгогчийн хариуцлагыг нэгтгэсэн цахим бүртгэл, хяналтын суваг байхгүйгээс зөрчил ил тод бүртгэгдэхгүй, шийдвэрлэгдэхгүй байна.

Тиймээс оюутны хөдөлмөр эрхлэлтийг зөвхөн ажил хийх боломж гэж бус, харин бүртгэлтэй, гэрээтэй, хяналттай, мэдээлэлтэй, эрх нь хамгаалагдсан тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай байна. 

SDS-ээс санал болгож буй 5 шийдэл

1.E-Student E Work бүртгэл, хяналтын систем нэвтрүүлэх
E-Mongolia, E-Student цэсээр дамжуулан оюутны цагийн ажил, дадлага, гомдол, ажил олгогчийн мэдээллийг бүртгэх, зуучлах, хянах цахим тогтолцоо бий болгох.

2. НДШ-ийг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бий болгох
15-25 насны оюутан, залуусын анхны ажлын гараанд тэтгэвэр, ажилгүйдлийн даатгалыг тодорхой хугацаанд сонголтоор төлөхгүй байх, тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөх, чөлөөлөх боломж бүрдүүлэх.

3. Дадлагын үндэсний стандарт батлах
Дадлагын гэрээ, дадлага удирдагч, суралцах үр дүн, үнэлгээ, хамгаалалтын журмыг заавал болгож, дадлагыг үнэгүй хөдөлмөр бус дэмжлэгтэй суралцах боломж болгох.

4. “Хөдөлмөрийн эрх ба ажлын байрны ур чадварт суралцах” 1 кредитийн хичээл нэвтрүүлэх
Оюутнуудад хөдөлмөрийн гэрээ, цалин, НДШ, илүү цаг, ажлын байрны зохисгүй харилцаа, гомдол гаргах сувгийн талаар мэдлэг олгож, өөрийгөө хамгаалах, бүтээмжтэй ажиллах ур чадвар эзэмшүүлэх.

5. “Оюутанд ээлтэй ажил олгогчийн индекс” бий болгох
Гэрээтэй, шударга, аюулгүй орчин бүрдүүлдэг ажил олгогчийг үнэлж, олон нийтэд сурталчлах; давтан зөрчилтэй байгууллагад хариуцлага тооцох тогтолцоо бүрдүүлэх.

Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвабаяр: “Оюутан ажиллаж, хөгжиж болно. Гэхдээ эрх нь зөрчигдөх ёсгүй. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг бүртгэлтэй, гэрээтэй, хяналттай, мэдээлэлтэй болгож чадвал анхны ажлын гараа айдасгүй, шударга эхэлнэ. 2023 онд оюутнуудын тулгамдсан асуудал бодлогын шийдвэр болж чадсан шиг энэ удаа оюутны хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах тогтолцоог бодит ажил болгох шаардлагатай” гэлээ.

ЗурагТайлбар





2023 оны туршлага: SDS-ийн санаачилга бодлогын шийдвэр болж байсан

SDS холбоо 2023 онд “STUDENT DAY”арга хэмжээг зохион байгуулж оюутнуудын дуу хоолойг нэгтгэн, тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд гаргаж тавьсны үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр тогтоол “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” батлагдсан. Тус тогтоолоор оюутнуудад чиглэсэн хэд хэдэн тодорхой арга хэмжээг холбогдох сайд, байгууллагуудад даалгасан байна.

Тухайн үед дараах асуудлуудыг бодлогын шийдвэрийн түвшинд гаргаж, хэрэгжилтийн чиглэл өгсөн. Үүнд:

  1. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санг ажлын өдрүүдэд 24 цагаар, их, дээд сургуулиудын номын санг шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах зохион байгуулалт хийх;
  2. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн өдрийн ангийн суралцагчдыг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах;
  3. “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500-д хүргэх;
  4. Оюутны нийтийн тээврийн цахим картыг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр олгох, цэнэглэх, ашиглах зохицуулалт хийх;
  5. Оюутны нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжийг ажлын өдөрт нэг удаа байсныг хоёр удаа болгох чиглэл өгөх;
  6. Төрийн өмчийн томоохон их сургуулиудын дэргэдэх эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
  7. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд оюутанд зориулсан тусгай цэс бий болгож, номын сан, соёлын үйлчилгээ авах, хөнгөлөлт эдлэх боломж бүрдүүлэх.

Мөн тухайн үед оюутнуудын тавьсан асуудлын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ, Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгийн ил тод байдал, оюутан цэрэг, оюутны байр, багшийн ёс зүй, цагийн хөдөлмөрийн үнэлгээ, номын сан, автобусны карт зэрэг асуудлыг хэлэлцсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.

SDS: Одоо оюутны хөдөлмөр эрхлэлтийг бодлогын дараагийн шатанд гаргах шаардлагатай

2023 онд оюутны нийгмийн баталгаа, үйлчилгээний хүртээмжийн асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлж байсан туршлагадаа үндэслэн энэ удаа оюутны хөдөлмөр эрхлэлт, дадлага, анхны ажлын гарааг хамгаалах бодлогын багц саналыг хүргүүлж байна.

Багц саналаар салбар хоорондын ажлын хэсэг байгуулах, сургалтын хөтөлбөр болон дадлагын журамд өөрчлөлт оруулах, E-Student E Work цахим бүртгэл, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, оюутны хөдөлмөр эрхлэлтийн зөрчлийг бүртгэх, шийдвэрлэх албан ёсны суваг бий болгохыг уриаллаа.

ЗурагТайлбар







Холбоотой сэдвүүд

залуус хөдөлмөрэрхлэлт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.