Үндэсний шилдэг компани, корпорацуудаас бүрдсэн Монголын гүйцэтгэх захирлуудын клуб (CEO клуб) энэ оны сүүлийн баярын уулзалтаа зохион байгуулж, хүндэт зочноор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уригдан оролцлоо.

Уулзалтын хүрээнд ирэх оны эдийн засгийн төлөв байдал, улсын төсвийн орлого, зарлагын төсөөлөл болон ирэх онд хэлэлцэх зарим чухал хуулийн төслүүдийг ярилцсан юм. Тухайлбал, БНХАУ оны сүүлээр нүүрсний импортыг багасгасан, АНУ Төв банкны бодлогын хүүгээ өсгөсөн нь Монголын эдийн засагт нөлөөлөх эсэх, ирэх онуудад төлөх ёстой  “Мазаалай”, “Чингис” бондын өр төлбөр нь улсын төсөв, санхүүд ямар хүндрэл дагуулж болзошгүй байгааг онцлон хөндлөө. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, төрийн өмчийн компаниудыг хувьчилж, олон нийтэд нээлттэй компани болгож, хөрөнгийн биржээр хувьцааг нь арилжаалах асуудлыг хэлэлцсэн. 

Уулзалтын дараа “CEO” клубийн ерөнхийлөгч Ч.Ганхуяг бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, албан үүргээ шилжүүлэн өгөх ёслолын ажиллагаа болсон юм. Энэ хүрээнд “CEO” клубийн шинэ ерөнхийлөгчөөр “Bat Solution Partners” компанийн УЗ-ийн дарга В.Ганзориг сонгогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

“CEO” клубийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны дагуу “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нь 2016-2018 онд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан билээ. Түүнээс өмнө “Оюуны ундраа” группийн захирал С.Амарсайхан, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт нар ажиллаж байсан юм.

В.Ганзориг нь Монголын Дауны холбооны Тэргүүн болон Тусгай олимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг төдийгүй Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу манлайлагчдын нэгээр шалгарсан билээ. Монгол хувийн хэвшлийнхний санал санаачилга, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх, Монгол ба дэлхийн эдийн засаг, бизнесийн гүүр болох зорилгоор 11 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус клубд өдгөө 17 компанийн гүйцэтгэх захирлууд багтаж, бизнесийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллаж байна.

Энэ хүрээнд байгуулагдсан цагаасаа хойш Монголд бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө бизнесийн удирдагч нарын нэгдмэл санааг УИХ, Засгийн газарт илэрхийлсэн төдийгүй асуудлын шийдлийг хайж,  шинэ санал санаачилгыг бодит ажил хэрэг болгохоор нийгмийн хөгжил рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.