Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Монгол улсын 2019 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Тэрээр хуулийн төсөл өргөн барьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2019 оны улсын нэгдсэн төсвийн талаарх мэдээллээс онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

-2019 оны Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд төгрөг, зардал нь 11.6 их наяд төгрөг байхаар орууллаа. Ингэснээр алдагдал нь 1.9 их наяд төгрөг байх юм. 

-Монгол Улсын баялаг гарч буй бүх боомтод хяналтын рентген, автомат бүртгэгчийг суурилуулахаар тогтлоо. Ингэснээр илүү хяналттай болох юм.

-Ижил төстэй газрууд болох аймаг, сумдад жигд төсөв хуваариллаа. Өмнөх жилүүдэд адил газруудад харьцангуй хэмжээнийн мөнгө хуваарилах тохиолдол цөөнгүй гарч байсан. 

-Орон нутгуудад хайгуулын лицензийн 50 хувь, ашигт малтмалын лицензийн 30 хувийг өөрсдөө мэдэн орон нутгийнхаа дэд бүтэц, хөгжилд зарцуулах эрхийг олгож байна. Мөн аймаг бүрийн төсөвт 8-10 тэрбум төгрөгийг нэмж олгохоор төсөлд оруулсан.

-Цалин, тэтгэвэр, халамж нэмэх асуудалд 720 тэрбум төгрөг төсөвлөлөө. Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд инфляцитай уялдуулан үе шаттайгаар нэмнэ. Мөн ирэх онд цалингийн нэгдсэн системийг бий болгоно. Ингэснээр аль яам, агентлаг, төрийн байгууллагын албан хаагч хэзээнээс хэдэн төгрөгийн цалин авдаг болсон нь хяналттай болох юм.

-Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор орууллаа.

-Утааг бууруулахад зориулж 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 45 тэрбумыг нь гэр хороололд зарцуулна.

-Мөн ирэх оноос Мэргэжил сургалтын үндэсний төв /МСҮТ/-д суралцагчдад сар бүр 100.000 төгрөг олгохоор 2019 оны улсын төсөвт 41 тэрбум төгрөг төсөвлөлөө" хэмээн мэдэгдлээ.

Тус хуулийн төслийг УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн баталснаар бүрэн хэрэгжих юм.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.