Арабчууд 35 жилийн дараа кино театрт кино үзэж эхэллээ

peak.mn
04 сарын 19, 2018

Саудын арабчууд 35 жилийн дараа кино театрт кино үзэж эхэллээ гэж “Пренса Латина” агентлаг мэдээлэв.

Гэрлээгүй хүмүүс нэг нэгнийхээ дэргэд суух нь “нүгэл” гэж шашны зүтгэлтнүүд нь үздэг байсан учир тус улс 1983 онд бүх кино театрынхаа үйл ажиллагааг зогсоож байсан юм.

Харин тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман үзвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих болсноор кино театруудыг нээх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргасан билээ. Энэхүү шийдвэр өчигдрөөс хүчин төгөлдөр болжээ. Тус улсын нийслэл Эр-Рияд хотод нэгэн кино театр Америкт ашиг орлогоороо тэргүүлж буй “Black Panther” буюу “Хар ирвэс” киногоор нээлтээ хийсэн байна.

32 сая хүн амтай тус улс ирэх таван жилийн хугацаанд өөр өөр хотуудад 40 гаруй кино театр нээхээр төлөвлөөд байгаа аж. 2030 он гэхэд кино театруудын тоог 350-д хүргэх зорилт тавиад байгаа гэнэ. Кино театрууд нээгдсэнээр ДНБ 24 тэрбум ам.доллароор өсөж, 30 мянган ажлын байр бий болно гэж тус улсын Соёлын яам тооцоолжээ.

Кино театруудад лалын шашны номлол, хаант улсын ёс суртахууны үнэт зүйлст харшилсан агуулга бүхий киног гаргахгүй ажээ.

Тус улс 2017 он гарснаас хойш бодлогын олон шинэчлэл хийсэн юм. Тухайлбал, спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд эмэгтэйчүүд орохыг, эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрөөд байгаа билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 

Холбоотой сэдвүүд

интертайнмэнт кино араб

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.