Монголын хөрөнгийн зах зээлд даатгалын салбарын хоёр ч компанийн IPO энэ сард болж, олон нийтээс татан төвлөрүүлэхээр зорьсон хөрөнгө оруулалтаа тэд илт давуулан биелүүллээ. Тэдний нэг нь "Ард Даатгал". Монголын даатгалын салбарын анхдагч болсон тус компанийн хувьцааны захиалга өчигдөр хаагдлаа. Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 5.2 тэрбум төгрөгний 7.5 сая ширхэг хувьцаанд нийт 7 тэрбум төгрөгний захиалга ирснээр 30 хувиар давж биелсэн байна.

"Ард Даатгал"-ын гүйцэтгэх захирал Г.Цогбадрах "Бидэнд итгэж, биднийг сонгосон 1400 орчим хөрөнгө оруулагчиддаа нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Ард Даатгал нь та бүхнийхээ итгэлийг дааж, салбарынхаа төдийгүй улсынхаа эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий нээлттэй компани байх болно” гэж цохон тэмдэглэлээ.

20 гаруй жилийн түүхийг өөртөө агуулсан манай улсын даатгалын салбар шинэ тутам хөгжиж байгаа. Энэ утгаараа илүү өсөлт, боломжийг бий болгох, харуулах ирээдүйтэй гэж холбогдох салбарынхан, эдийн засагч нар хэлдэг. Монголд ердийн даатгалын 15, амьдралын даатгалын нэг компани өдгөө үйл ажиллагаа явуулж байна.