Сонгуулийн төв байгууллага үүсч байгуулагдсаны 30 жил, сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлсний 10 жилийн энэ өдрүүдэд тохиож байна.

Сонирхуулахад өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 8, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 7 удаа, Улсын Их Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 11 удаа, нийт 34 удаагийн сонгуулийг зохион байгуулжээ.

Ардчилсан сонгуулийн түүхэн товчооноос сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Хамгийн анх ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан нь: 1990 оны ардчилсан сонгуулийн үр дүнд түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс,үзэл бодол үл харгалзан хэн нэгэн урьдчилан томилогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг тавьжээ. 


Хамгийн анхны ардчилсан сонгууль: 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулжээ. Монгол Улсын Засгийн газар 2015 онд жил бүрийн энэ өдрийг “Ардчилсан сонгуулийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна. 


Хамгийн анхны хэрэглэсэн хосолмол тогтолцоо: 1990 оны сонгуулийн үр дүнд Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий парламентыг сонгохын зэрэгцээ Ардын Их Хурлын депутатуудыг 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгөх буюу пропорционал тогтолцоогоор, парламентаа сонгохдоо хосолмол, холимог тогтолцоог анх удаа хэрэглэсэн байна. 


Хамгийн анхны хэрэглэсэн пропорционал тогтолцоо: 1990 онд явагдсан АИХ-ын сонгуулиар улс төрийн намуудын нэрээр санал хураалт явуулж, энэхүү саналын дүнг үндэслэн Улсын Бага Хурлын 53 гишүүний тухайн улс төрийн намд оногдох суудлын тоог хуваарилснаар УБХ-ыг бүрдүүлэхэд, анх удаа пропорционал тогтолцоог  хэрэглэжээ. 


Хамгийн анхны суурь хууль: 1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль. 

Хамгийн анх хуулийн төсөл санаачлагчид: 1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэх,батлуулахад Улсын Бага Хурлын дарга Р. Гончигдорж, нарийн бичгийн дарга Б. Чимэд, Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Д. Лүндээжанцан, Улсын Бага Хурлын гишүүн Ж. Бямбадорж, Улсын Бага Хурлын зөвлөхүүдийг танхимын дарга С.Төмөр, Улсын Бага Хурлын Тамгын газрын зөвлөх Б.Энэбиш зэрэг олон хүмүүс оролцож сар гаруйн хугацааг зарцуулжээ.


Хамгийн анх “Байнгын” гэх үгийг хуульчилсан нь: Монгол Улсын Их Хурлыг сонгуулийн тухай 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан хуульд “Сонгуулийн Ерөнхий Хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэгтэй байнгын байгууллага мөн” гэж байнгын үйл ажиллагаатай гэдгийг анх удаа хуульчилсан байна. 


Хамгийн анхны дарга: Сонгуулийн Ерөнхий Хорооны анхны даргаар Улаанбаатар Хотын Налайхын районы АДХГЗ-ны даргаар ажиллаж байсан С.Лхагвасүрэн томилогджээ.


Хамгийн анхны нарийн бичгийн дарга: Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтан Д.Баяндүүрэн томилогджээ.


Хамгийн анхны гишүүд: Цагдаагийн  ерөнхий газрын дэд дарга Ч.Амарболд, Хууль зүйн яамны дэд сайд Н.Ринчиндорж, Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга Л.Хангай , мөн Бага Хурлын ажилтан Ж.Элбэгсайхан, Улсын дээд шүүхийн ажилтан Б.Дангаасүрэн, Сангийн яамны мэргэжилтэн Б.Авирмэд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Цогтсайхан,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зааварлагч Н.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Балжир, Улсын прокурорын хэлтсийн дарга О.Баяраа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Тажебакед, Удирдлагын академийн дэд захирал Ц.Гунгаанямбуу, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Маналжав нар томилогджээ.


Хамгийн анхны олон мандаттай сонгууль: 1992 онд явагдсан Улсын Их Хурлын сонгууль олон мандаттай тойргоор зохион байгуулагджээ. 


Хамгийн анхны бие даан нэр дэвшин сонгогдох эрх: 1992 оны хуулиар баталгаажуулжээ. 


Хамгийн анхны барьцаа: Нэр дэвшигч бүр дэвшиж буй тойргийн хороондоо тухайн үеийн /1992он/ ханшаар 1000 төгрөгийн барьцаа болгон өгөх зохицуулалттай байв. 


Хамгийн анхны нэг мандаттай сонгууль: Улсын Их Хурлын 1996 оны ээлжит сонгуулийг нэг мандаттай тойргоор зохион байгуулжээ. 


Хамгийн анхны эмэгтэй гишүүн: Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр 1996 онд томилогдсон Дүгэржавын Мөнхгэрэл анхны эмэгтэй гишүүн юм. 


Хамгийн анхны элссэн холбоо: 1998 онд Ази тивийн 20 улсын сонгуулийн төв байгууллага Азийн сонгуулийн Холбоо байгуулахад Монгол Улсын сонгуулийн Холбоо байгуулахад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гишүүнээр элсэв.


Хамгийн анх сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийсэн нь: Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 2000 оны ээлжит сонгуульд оролцож, санал өгсөн сонгогч бүрийн хуруунд тусгай зориулалтын бэхээр тэмдэг тавих ажлыг эхлүүлжээ.


Хамгийн анхны шагнал: “Сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан” цол тэмдгийг 2002 онд бий болгож,Р.Гончигдорж, Н.Багабанди, С.Лхагвасүрэн, Д.Лүндээжанцан, Ч.Амарболд, Г.Маналжав нарыг шагнажээ.


Хамгийн анх сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим сүлжээнд байршуулсан нь: Сонгуулийн Ерөнхий Хорооны санаачилгаар 2008 онд анх удаа сонгогчдийн нэрийн жагсаалтыг цахим сүлжээнд байршуулахад Ажлын хэсгийн ахлагчаар Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ажиллажээ. 


Хамгийн анх улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлсэн нь: Монгол Улс 2010 онд иргэний бүртгэлийн мэдээллийн санг шинэчилсэн бөгөөд түүнийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, сонгогчийг бүртгэх чиг үүргийг бүхэлд нь улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлэн хуульчилжээ.


Хамгийн анх нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулинд 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ. 


Хамгийн анх автомат тоолох хэрэгсэл ашигласан нь: Монгол Улс 2012 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн сонгуулийн санал хураалт, дүн гаргах ажиллагаанд анх удаа автомат тоолох хэрэгсэл ашиглажээ. 


Хамгийн анх гадаадад байгаа сонгогчдыхоо саналыг авсан нь: Гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн сонгуульд оролцож, санал өгөх боломжийг бүрдүүлж, 2012 онд анх удаа санал авчээ.


Хамгийн анх биеийн давхцаахгүй өгөгдлийн бүртгэл ашигласан нь: Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны ээлжит сонгуулиар сонгогчдын бүртгэлийн ажиллагаанд биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгэл буюу хурууны хээгээр таниулах технологийг амжилттай нэвтрүүлжээ. 


Хамгийн анх сонгуулийн дүнг дэлгэцээр дамжуулсан нь: Сонгуулийн ирц, оролцоо, нэгдсэн дүнг олон нийтэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай дамжуулах, мэдээлэх зорилгоор Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталж, 2016 онд анх удаа сонгуулийн дүнг нэгдсэн төв сервесээс улс орон даяар шууд дэлгэцээр дамжуулан нийтэд үзүүлжээ.


Хамгийн анхны хоёрдугаар шатны санал хураалт: 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтыг зохион байгуулжээ. 


Хамгийн анх ирц бүртгэлийн нэгдсэн цахим систем нэвтрүүлсэн нь: Үндэсний статистикийн мэдээллийн санд тулгуурлан сонсогчдын насны ангиллаар ирц бүртгэлийн нэгдсэн цахим системийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар анх нэвтрүүлжээ.