Улсын Их Хурлын чуулганы 2023.06.16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан "Сонгуулийн боловсрол клуб"-ээс Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороотой хамтран сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан өчигдөр (2023.067.06) Нээлттэй нийгэм форумын байранд УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл, сургалт явууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд туссан өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын суудлын тоо 126 болж, гишүүдийн 78-ыг олонхын тогтолцоогоор, 48-ыг хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтаас сонгох болсон.

УИХ-ын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл ажилласан билээ. 

Энэхүү хуульд туссан сонгуулийн тогтолцооны талаарх нарийвчилсан зохицуулалтууд, гадаадад оршин суугаа сонгогчдын бүртгэлийг сайжруулах, саналыг нь авах талаарх зохицуулалт, сонгогчдын бүртгэлд тавих хяналт, ил тод байдал зэргийг хэрхэн сайжруулахаар тусгасан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ оролцож, мэдээлэл өгөв.


ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬ ШИНЭ ӨНГӨ ТӨРХТЭЙГӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Сонгуулийн хуульд орсон гол өөрчлөлтүүдийн талаар та товч мэдээлэл өгөхгүй юу? 

-Гишүүдийн тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тогтолцооны хувьд өөрчлөлтүүд орсон байна. Санал авах, саналын хуудасны өөрчлөлтүүд орж байна. Түүнээс гадна сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой хэд хэдэн онцлог зохицуулалтууд орсон талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж буй арга хэлбэрүүдийг тодорхой хэмжээнд бууруулсан байна. Бууруулсан хэмжээн дээр дахиад аудитын дараа зардлын дээд хэмжээг бууруулах эрхийг нь олгосон байна. 

Бид маш олон жил ярьсан даа. Сонгуулийн үеэр гудамжаар нэг хөглөрсөн сурталчилгааны цаас, хуудасгүй байя, нэгдсэн нэг л самбартай байя.

Мэдээлэл авахад цэгцтэй, нэг самбар дээрээс тухайн тойрогт нэр дэвшиж буй бүх хүний мэдээллийг авдаг байхыг хуульчилж чадсан. 

Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиар шинэ өнгө төрхтэй үйл ажиллагаа зохион байгуулагдах журмыг мөрдөх нь ээ. 

Дээрээс нь сонгогчдын нэрсийн жагсаалтад тавигдах маш олон талын хяналтыг нэмэгдүүлэх нарийн зохицуулалтууд орсон. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавьж оролцдог төрийн бус байгууллага хяналтаа тавих боломж бүрдсэн. Энэ чиглэлэийн байгууллагууд хүмүүс нэрийн жагсаалт дээр хяналт тавихаас гадна сонгуульд оролцож буй нэр дэвшигч, эсвэл нам эвслээс гаргаж буй зардал дээр хяналт тавих боломж бас бүрдсэн байна. 

Мөн сонгуулийн үеэр хяналт тавьдаг байсан бол сонгуулйн дараа пост аудитын өөрчлөлт нэмэгдсэн. Нэмэлт, өөрчлөлтийн тоо бага боловч агуулгын хувьд маш олон зарчмын том өөрчлөлт орсон.  


МАНАЙ СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ БУСАД УЛС ОРНУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД НЭЛЭЭН ДЭЭГҮҮРТ ОРДОГ

Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Засаглалын хөтөлбөрийн менежер Д.ЭНХЦЭЦЭГ:  

-Сонгуулийн тухай хууль агуулгаараа өөрчлөгдөөгүй ч томоохон өөрчлөлт орсон гэж хэллээ. Үүн дээр сонгогчид холимог тогтолцоогоор саналаа өгнө. Сонгогчийн сонгуульд саналаа өгөх үйл явцад өөрчлөлт орсон уу? 

-Сонгуулиар 126 гишүүн сонгоно. Энэ нь хуульд туссан өөрчлөлт. Үүний 78 нь сонгогчдын сайн мэддэг мажоритари тогтолцоогоор, 48-ыг нь намын жагсаалтаар сонгоно. Энэ тогтолцоогоор 2012 онд УИХ-ын гишүүдээ сонгож, бүрдүүлж байлаа шүү дээ. 

Сонгогчдын хувьд ямар нэг будилах зүйл гарахгүй байх гэж бодож байна. Манай сонгогчид боловсролын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад нэлээн дээгүүрт ордог. 

-Шинэ хуульд тодорхойгүй зүйл байна уу? 

-Тойргийн асуудал байна. Яагаад вэ гэвэл, хууль батлагдсанаар хоёрдугаар сарын 1 гэхэд тойргийн асуудал тодорхой болно. Жишээлбэл, мажоритари тогтолцоогоор нэг мандаттай байх уу, олон мандаттай байх уу гэдэг асуудал тухайн үед шийдэгдэнэ. Олон нам энэ асуудалд маш анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа УИХ-д нэг нам давамгайлж байгаа тохиолдолд өөрсөддөө ашигтай байдлаар хуваарилалт хийгдэх байдал гарч болзошгүй. Хуулин дээр энэ чиглэлд хаалт тавьсан, сэргийлсэн зүйл байхгүй байна. Тиймээс маш анхааралтай ажиглаж, шалгах ёстой гэдгийг хэлье. Сонгогчдын хувьд нээлттэй, хаалттай жагсаалтын талаар сая нэлээн ярилаа. Хаалттай жагсаалт гэхээр, зарим улстөрчид хүмүүсийнхээ нэрийг жагсаагаад, нууж байгаад, намын нэрээр санал аваад гараад ирэх мэтээр буруу зөрүү зүйл яриад байгаа юм. Тийм биш

Намууд 2019 онд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу дотооддоо ардчилалтай байх зарчмын хүрээнд нэр дэвшигчдээ тодруулаад, Сонгуулийн хуульд заасан шаардлагын дагуу эрэмбэлж жагсаагаад, сонгогчиддоо танилцуулах ёстой. 

Түүний үндсэн дээр намын мөрийн хөтөлбөр болоод ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ гэдэг тодорхой болно. Өөрөөр хэлбэл, улс орны эрх ашгийн төлөө, ард иргэдээ төлөөлөөд ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээний хувьд нийцэх үү, үгүй юү гэдгийг харж байгаад сонгогчид саналаа өгнө гэсэн үг. Намыг дугуйлна гэж бий. Намайг дугуйлна гэдэг энэ бүх зүйлийг үндэслэж байж шийдвэр гаргана гэсэн үг юм. 

-Сонгогчдын боловсрол хэр дээшилж байна гэж та хэлэх вэ? 

-Сонгогчдын боловсролын хувьд мэдээж хэрэг хэмжихэд маш төвөгтэй. Өмнөх сонгуулиудыг харахад сонгогчдын ирц нэлээн буурах хандлага ажиглагдаж ирсэн бол сүүлийн жилд бага зэрэг нэмэгдсэн нь сайн үзүүлэлт. Сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байна гэсэн үг. Сонгогч юун дээр үндэслэн санал өгч байна вэ гэдэг асуудал бий. Улс төрийн утгаараа хариуцлага тооцох механизм байх ёстой. сонгуулийн кампанит ажил, сонгуулийн санал хураалтын үеэр ч хариуцлага тооцох механизм гэдэг утгаар манай сонгууль явагдаж чадаж байна уу, үгүй юү гэдгээр сонгогчдын боловсролын бас нэг илэрхийлэл болно л доо. Энэ дээр янз бүрийн саналууд гардаг. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны үеэр маргаан, мэтгэлцээн өрнөх ёстой. Өмнөх мөрийн хөтөлбөр дээр ямар асуудлуудыг гаргаж тавьсан юм бэ, энэ асуудлууд хэрхэн хэрэгжсэн юм бэ гээд, ялангуяа хариуцлага талаас нь ярих ёстой. Энэ асуудал нэлээн сул байгаа харагддаг. 

Сонгогчдын боловсрол санасан хэмжээнд хүрэхгүй байгаа байдал ажиглагдаад байдаг. 

Ерөнхийдөө баахан хүн гоё гоё гялгар зурагтай ном, сэтгүүл хуудас гаргаад, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ тухай бичээд яваад байдаг шүү дээ. зурагтай сэтгүүл ном гаргаад яваад байдаг. Дээрээс нь цахим орчинд нэр дэвшигчийн талаар таагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд гарсаар байдаг. Ямар эх сурвалжаас гаргав гээд нягтлах асуудлууд гардаг. Сонгогчдын боловсролоос гадна шинэ шинэ сорилт гарч ирж байна. Тиймээс ийм тохиолдолд сонгогчид ямар мэдээллийг үндэслэж шийдвэр гаргах юм бэ гэдэг дээр сэтгүүлчид ч бас анхаарлаа хандуулж, үнэн зөв мэдээлэл түгээж ажиллах нь чухал.

-Хууль батлагдсанаас хойш ямар нэгэн судалгаа эхлүүлэв үү? Сонгууль болтол хийхээр төлөвлөж буй ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Сонгуулийн хуульд сая орсон өөрчлөлт шинэчилсэн найруулгын түвшинд биш, нэмэлт өөрчлөлтийн хүрээнд болохоор өргөн цар хүрээг хамарсан өөрчлөлт ороогүй байна.

Гэхдээ ганц нэг дэвшилттэй, иргэний нийгмийн байгууллагуудаас санал болгосон, сонгуулийн зардлын хэмжээ, сонгогчдод үнэн зөв мэдээлэл хүрдэггүй байдлыг цэгцлэх, дээрээс нь өрсөлдөх боломж нөхцлийг сайжруулах үүднээс, жишээлбэл нэгдсэн байдлаар самбар гаргаад, мөнгөтэй хэн нэг нь давамгайлаад өөрийнхөө зургийг хаа хамаагүй, булан тохойд нь наагаад байх биш, яг ямар хүмүүс нэр дэвшээд байна вэ гэдэг мэдээллийг авч болох боломжийг бүрдүүлсэн өөрчлөлтүүдийг оруулаач ээ гэсэн саналыг хүргүүлж байсан. Ямар ч байсан энэ санал тусаад орж ирсэнд баяртай байна. Мэдээж хэрэг, цаашид сонгуулийн зардлыг бууруулах, санхүүжилтийг ил болгох, тэгш гарааны нөхцөл байдлыг улам сайжруулах чиглэлээр хийх ажил их бий.