Энэ оны 1-2 дугаар сард системийн эрсдэлийг эрт үед нь илрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой судалгааг хийлгэжээ.

“Банкнуудын эрсдэлийн хүлээлтийн судалгаа”-г Монголбанкны захиалгаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн анх удаа зохион байгуулсан байна. Судалгааг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны эрсдэлийн удирдлагын газар, хэлтсийн захирлуудаас асуулга хэлбэрээр авсан аж. Агуулгад банк, санхүүгийн салбарт түгээмэл учирдаг, голлох эрсдэлүүдийн түвшинг тодорхойлох, үнэлэх зорилготой асуултуудыг багтаажээ.

Судалгааны голлох үр дүнгүүдээс товч дурдвал нийт судалгаанд оролцогчид банкны салбарт тулгарах голлох эрсдэлүүдийг 2017 онтой харьцуулахад 2018 онд дунджаар буурах эсвэл өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлттэй байна. Харин банкны бүлгүүдээр авч үзвэл том банкнуудын хувьд өөрсдийн банкинд тулгарах зээлийн, байгууллагын нэр хүндэд тулгарах эрсдэлүүдийг 2018 онд дунджаар бага зэрэг буурна, харин зах зээлийн болон хөрвөх чадварын эрсдэлүүдийг дунджаар өөрчлөгдөхгүй гэжээ. Дундаж банкнуудын хувьд өөрсдийн банкинд тулгарах зээлийн эрсдэлийг 2018 онд бага зэрэг буурна, харин бусад эрсдэлүүдийг өөрчлөгдөхгүй гэж үзэж байна. Жижиг банкнуудын хувьд дүрэм журам мөрдөх үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг ирэх онд бага зэрэг буурна, харин бусад эрсдэлүүдийг өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлттэй байна гэж хариулжээ.