БНСУ-ын “Asiana Airlines” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр орой 23:50 минутад газарджээ.

“Asiana Airlines” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн иржээ.

Тус компани A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн мягмар, пүрэв, бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэх юм.

Ийнхүү зорчигч урсгал ихтэй БНСУ-ын чиглэлд агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж тасалбарын үнэ хямдрах зэрэг олон ач холбогдолтой.

Түүнчлэн Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед хоёр улсын хооронд үйлдэгддэг нислэгийн тоо, давтамж нэмэгдэж байгаа давуу талтай.

1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох “Asiana Airlines” нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгдлээ.

Анхны энэ нислэгээр "Ашиана эйрлайнс" компанийн захирал ноён Хан Чанг-Соо хүрэлцэн ирснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗТХЯ-ны сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ИНЕГ-ын удирдлагууд угтан авав.

Зургийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс

Зургийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс

Зургийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар