УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы хаалтад хэлсэн үгэндээ “УИХ-аас албан тушаалтны томилгооны асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан аливаа томилгоо хийхийн өмнө Томилгооны сонсгол зохион байгуулж байх тухай гишүүдийн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх эрх гишүүдэд нээлттэй” хэмээн онцолсон.

Энэ дагуу УИХ-ын зарим гишүүн өчигдөр “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын зэрэг 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, шинээр хүн томилох асуудал үүссэн тохиолдолд эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Албан бичиг өргөн барьсан гишүүд:

-УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан ч энэ хуульд заасан Томилгооны сонсголыг өнөөдрийг хүртэл огт хийгээгүй байгаа.

Иймд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн бид Танд хандан “Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг шинээр томилох асуудал үүссэн тохиолдолд нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар Томилгооны сонсгол хийх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж өгнө үү” гэдэг хүсэлтийг тавьж байна.

Харамсалтай нь Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-тай зөвшилцдөг албан тушаалтанд Томилгооны сонсгол хийх боломжгүй байна. Цаашид Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Томилгооны сонсголыг зөвхөн УИХ-аас томилогддог биш, зөвшилцдөг албан тушаалтанд ч хийдэг өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга чөлөөлөгдөөгүй байгаа тул томилгооны сонсгол хийх эрх зүйн боломж одоогоор байхгүй.

Олон улсын туршлагаас харахад зөвшилцдөг албан тушаалууд дээр Ёс зүйн хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, дүгнэлт гаргаад, томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгддэг практик байна. Түүнчлэн онцгой нөхцөл үүссэн үед, тухайлбал саяынх шиг иргэнээ эрүүдэн шүүсэн гэх мэт асуудал гарвал шүүгч, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтны асуудлаар импичмент хийх буюу ажлаас чөлөөлөх асуудлыг Ёс зүйн хорооны санаачилга (манайхаар бол Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо байж болно)-аар хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалт байдаг юм байна. Ийм туршлагыг нэвтрүүлэх талаар судалж үзэх хэрэгтэй.

УИХ-ын Байнгын хороод болон Хүний эрхийн, Тусгай хяналтын, Ёс зүйн дэд хороод хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд хянан шалгах, хэлэлцүүлэг зохион байгуулах, сонсгол хийх боломжтой. Түүнчлэн төрийн бүх шатны алба хаагчид, түүн дотроо удирдах албан тушаалтны ёс зүйн асуудлыг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна гэж тэмдэглэлээ.