Зураач В.Ундраа “Бид” 3 дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 26-нд BlueMon Center-д байрлах Norphei Art Gallery-д зохион байгуулагдах уг үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн хүн бүхэнд зураач В.Ундраа өөрийн гарын үсэгтэй "U-MANDALA bid edition" номоо бэлэглэх ажээ.

Зураач В.Ундраа нь 20-иод жил хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвиж буй.

Тэрээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг.

Тэрээр Соёлын дээд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн бөгөөд 2006 оноос хойш 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцжээ. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015” бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан байна.

Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг. Мөн тэрээр 2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэлийг бүтээсэн юм.

В.Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцсон хүмүүнлэг уран бүтээлч билээ.

Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэж ирсэн.

2018 онд U Mandala номоо таны дотоод чинад дүрслэлээ өөрийнхөөрөө урлан бүтээхэд зориулан бүтээсэн байдаг.

Харин энэ удаагийн Үзэсгэлэнгийн орлогынхоо тодорхой хэсгийг Баянзүрх хайрханыг ойжуулах World Garden Mongolia санаачилгыг дэмжихээр ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар, бүтээлч Монголчуудын нэгдэл Үндэстэн Баг, Creative Mongolia баг ажиллаж байна.

Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнгээрээ "Бид байж би оршино", "Бидний хамгийн сайхан өдөр бол өнөөдөр", "Бид таниас сайхныг олж харна", "Бид нэг л зүрхтэй" зэрэг түлхүүр үгсийн хэлэхийг хүсжээ.

Яагаад БИД гэж?

Хүн хийгээд хорвоо ертөнц нэгдмэл чанартай. Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Байгаль бидний амьдрал, оршихуйн эх булаг. Тусдаа, ганцаараа оршихуй гэж үгүй. Бид нэг голоос ундаалж, нэг л агаараар амьсгална. Бид цонхоороо хогоо шидэж байхдаа манай гэр л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй гэж боддог. Яг үнэндээ гэрийн чинь гадаа ч гэсэн таны ГЭР ОРОН оршиж байгааг та ухаарна.Хүмүүс бид ч бас нэгдмэл чанартай. Надад огт хамаагүй гэж бодсон зүйл чинь хэсэг хугацааны дараа хамгийн их хамаатай болохыг та ойлгоно. Автобусанд суудал тавьж өгөөгүй хүн чинь удахгүй танилцах хадам ээж чинь болохыг ойлгоно. Үл ойшоож хүндлэлгүй зөрсөн хэн нэгэн ойрын садан төрөл болохыг удахгүй мэднэ. Би л болж байвал бусад хамаагүй гэж бодоод хийсэн үйл чинь таны хаалгыг удахгүй тогшино. Бид нэгдмэл…

Би би гэх тусам зам нь жим болж
Бид бид гэх бүр жим нь зам болдог...