“Эмэгтэйн түүх” уулзалт ”Хэвлэл мэдээлэл дэх эмэгтэйчүүдийн улс төрийн дуу хоолой" сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 29-ны өдөр уулзалт боллоо.

Уулзалтын зочдоор УИХ гишүүн асан А.Ундраа, Mpress.mn Сайтын Үүсгэн байгуулагч О.Ариунбилэг нар оролцож өөрсдийн түүхээ хуваалцлаа.

Тухайлбал УИХ гишүүн асан А.Ундраа хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж байсан сайн туршлага, сургамжаа оролцогчидтой хуваалцлаа . Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “He for she” аяныг амжилтай өрнүүлж чадсан бөгөөд хэвлэл мэдээлэл тус сэдвийг далайцтай сурвалжилж байсан, мөн зарим сэтгүүлчдийн санаачилга нь нэмэр болж байсан тухай ярьсан юм.

Сэтгүүлч О.Ариунбилэг уулзалтын үеэр эмэгтэйчүүд өнөөдөр улс төрд олноороо байсан бол хүүхдийн түрдэг тэрэгний замын асуудал аль хэдийн шийдэгдсэн байх болов уу гэж бодож байна. Өнөөдөр зарим хүмүүс УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэгийг түүний цахим орчинд тарсан бичлэгээс болж муулах нь бий. Гэхдээ тэр хүн тамхины тухай хуулийг манлайлан батлуулж чадсан. Хэдхэн жилийн өмнө бүх л уушийн газарт, гудамжинд замбараагүй тамхи татдаг байдал өөрчлөгдсөн. Энэ бол эерэг өөрлөлт гэв. Мөн тэрбээр “Эмэгтэйчүүд урд гараад ярих хэрэгтэй” гэж хэллээ.

“Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” нь шинэ улирлын “Эмэгтэйн түүх” уулзалтыг ток шоу хэлбэрээр “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлтэй хамтран зохион байгуулав.

Уулзалтын талаар “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин хэлэхдээ “Сэтгүүлч үргэлж сайн эх сурвалжийг хайж байдаг. Тэгвэл нийгэмд гарч ирээгүй олон эмэгтэйчүүд сэтгүүлчдийн чанартай эх сурвалж болж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж чадах чадах юм” гэв.