Аялал жуулчлалын зорилгоор очдог шилдэг газруудад Лондон, Парис, Ром хотууд орсон тухай “TripAdvisor” цахим хуудас мэдээлжээ. Үнэлгээ, зочид буудал, зоогийн газруудын чансааг судалсны үндсэн дээр шилдэг газруудыг тодруулсан байна.


Жагсаалтыг Лондон хот тэргүүлжээ. "Хааны бэлгэ тэмдэг, Букингемын ордон байдаг Лондон хотод түүх, соёл, хоол хүнс, хэв загвар хослон байдаг” хэмээн тус цахим хуудаст тэмдэглэжээ. 


Эйфелийн цамхаг, Нотр-Дамын сүм, Луврын музей зэргээрээ алдартай Парис хот хоёрдугаарт жагссан бол Ром хот энэ жагсаалтад гуравдугаар байрт орсон байна. "Ром хотын үзэмж цогц бүрдсэн, задгай талбайд байрлах захууд, түүхэн газрууд нь асар том дээвэргүй музейн үзвэрийн танхимуудыг санагдуулна” хэмээн мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн Грекийн эрдэнэ болсон Крит арал, Индонезийн жаргалын орон Бали арал жагсаалтын эхний тавд багтсан аж. Шилдэг аравт Тайландын Пхукет арал, Барселона, Стамбул, Марокко дахь “Улаан хот”, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот оржээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг