БУДАПЕШТ. /Yonhap/. Унгарын Дунай мөрнөөс энэ долоо хоногийн эхээр гаргасан таван цогцсын хэн болохыг тогтооход бүгд БНСУ-ын иргэд байсан талаар Унгарын эрх баригчид лхагва гарагт мэдээлжээ.


Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Дунай мөрөнд БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн сууж явсан жуулчдын усан онгоц өөр нэгэн усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолдсон юм. Уг ослын улмаас амиа алдсан хүний тоо 12 хүрч, 14 хүн сураггүй хэвээр байна. Ослын дараа БНСУ-ын долоон зорчигчийг аварсан юм. 


БНСУ-ын эрх баригчид живсэн усан онгоцноос хохирогчдыг гаргах хүсэлтийг Унгарын талд гаргасан хэдий ч Унгарын эрх баригчид юун түрүүнд Дунай мөрнөөс усан онгоцыг гаргах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ. 



Лхагва гарагийн байдлаар ослын газар орчмын усны түвшин 7.4 метр, голын урсгалын хурд 4.5 км/цаг байжээ. Аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шумбагчтай эрэг дээрээс холбоо тогтоодог нэмэлт тоног төхөөрөмжийг илгээсэн талаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд өмнө нь мэдээлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг