Багшийн цалинг 1.6 сая төгрөг болгож нэмэгдүүлэхийг өнгөрсөн наймдугаар сараас хойш багш нар холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Цалин нэмэх шаардлагад Засгийн газар тодорхой шийдэлтэй хариу өгөөгүй гэж үзсэн тул багш нар тэмцлийн хэлбэрт шилжиж өнгөрсөн сарын 21, 26-ны өдрүүдэд сануулах ажил хаясан бөгөөд цалин нэмэх хүртэл үе шаттайгаар тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос санаачлан өнөөдөр 09.00 цагаас "Багш нарын онц их хурал"-ыг МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Үргэлжлүүлэн 15.00 цагаас Онц их хурлын төлөөлөгчид Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийнэ.