Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч товлосон хугацаанд хариу өгөөгүй учраас сануулах ажил хаялт зарлав.

Энэ дагуу өнөөдөр улсын хэмжээнд ЕБС-ийн багш нар сануулах ажил хаялтад оролцож байгаагаа нийгмийн сүлжээнд илэрхийлжээ. Тухайлбал Чингэлтэй дүүргийн бүх ЕБС-ийн багш нар ажил хаялтанд идэвхтэй оролцож байгаа аж. 30 гаруй мянган хүүхэд суралцдаг тус дүүргийн 24 дүгээр сургууль дахь ажил хаялтыг зохион байгуулах комиссын дарга Х.Ууганцэцэгээс энэ талаар тодруулахад “Бид ажил хаялт зарласан ч сургууль дээрээ цугласан. Одоогоор ажлын байр дээрээ чөлөөт суулт зарлаж байна” гэв. Сүхбаатар дүүргийн хувьд зарим сургуулийн багш нарыг нь удирдлагуудаас утасдаж ажлаа хийхийг шаардсан баттай бус мэдээ байна. Үүнийг өчигдөр БСШУСЯ-наас гаргасан багш нарыг хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулсан албан бичигтэй холбон тайлбарлаж байлаа.

Баянзүрх дүүргийн бүх сургуулийн багш ажил хаялтыг дэмжив

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84, 57, 12, 16, 12, 36  дүгээр сургуулийн багш нар ажил хаялтад нэгджээ. 84 дүгээр сургуулийн 157 багш хоёр цаг тутамд сургууль дээрээ цуглаж хуралдах гэнэ. Тэд өчигдөр 4,950 хүүхдийн эцэг эхтэй уулзаж, ажил хаях тухай мэдэгдлээ хүргүүлэн гарын үсэг зуруулсан байна.  Дашрамд дурдахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 118, 119-д зааснаар багш нар цалинтай ажил хаялт хийх эрх зүйн боломж нь нээлттэй ч өнөөдрийн ажил хаялтыг цалингүй хийж байгаа гэлээ. Ажил хаялтад сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна МСҮТ-ийн багш нар оролцож байна.




Цалин нэмэхгүй бол арбитрын шүүхэд хандана

Багш нар өнөөдөр сануулах ажил хаялтаа зарлаж байгаа билээ. Хэрвээ Засгийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ сарын 26 мөн ирэх сарын 10-ны өдөр дахин ажил хаяна гэдгийг “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос  мэдэгдэж байна. 

Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороонд энэ сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг хүргүүлсэн байна. 

Харин энэхүү хариуг багш нарын түр хорооноос хангалтгүй хэмээн үзэж тэмцлийн шатандаа хүрчээ. Хэрэв цаашид зохих албан тушаалтнууд хариу өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо арбитрын шүүхэд хандахаар төлөвлөж байгаа ажээ.