Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа билээ. Өнгөрсөн наймдугаар сарын 17-оос хэвлэлийн бага хурал хийж, наймдугаар сарын 30-нд 20 мянган багшийг талбайд цуглуулан тайван жагсаал хийсэн юм. Тэд цалингийн доод хэмжээг 1,2 сая, дээд хэмжээгээ 1,6 сая төгрөг болгохоор шаардаж байна. Харин өнөөдөр энэ талаар хэвлэлийн хурал хийж орон даяар дараагийн шатны арга хэмжээ авах болсноо мэдээллэж байгаа юм. Цалин нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас та бүхний шаардлагынхариуг өгсөн үү?

-Өнөөдрийн хүртэл ямар нэгэн тодорхой хариу ирүүлээгүй байна. Холбогдох хүмүүсээс нь лавлаж асуухаар “бид судалж байна” гэх юм. Есдүгээр сарын 15-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу авах сүүлийн өдөр байгаа. 

-Өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ гээд үр дүнгүй байвал яах вэ?

-Анх шаардлага хүргүүлж байхдаа бид бүхэн хэлж байсан. Шат дараатай арга хэмжээ авна гэж хэлснийгээ дахин сануулж байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд хэвлэлийн хурал хийж, үргэлжлүүлж тайван жагсаал хийсэн. Одоо бидэнд ажил хаяхаас өөр арга үлдсэнгүй. Тиймээс энэ сарын 15-ны өдрийг хүртэл Засгийн газрын шийдвэрийг хүлээнэ. 16-аас эхэлж ажил хаяна.

-Орон нутгаас та бүхний жагсаалыг дэмжиж байгаа юу?

-Ажил хаялтаа орон даяар явуулна. Орон нутаг, нийслэл гээд улсын хэмжээнд багш гэж ажиллаж байгаа бүхий л хүмүүс энэ үйл ажиллагаанд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.