“Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.  

Тэр тусмаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш иргэдийн мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг судлаачид онцолжээ. Нэмэгдээд зогсохгүй иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болсонд ойн инженерүүд ч олзуурхаж байна.

"Тэрбум мод" хөдөлгөөн өрнөсөн ганцхан жилийн дотор гэхэд 21 аймаг, нийслэлд 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 3.4 сая, улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. 

Үнэндээ өмнө нь хэсэг газрыг олны хүчээр моджуулахаас илүүтэй хөдөлгөөн өрнүүлж бүх нийтээрээ хөдөлж, сэтгэлгээ хандлагаа өөрчилж байж эхнээсээ үр дүнд хүрдэг гэдгийг дээрх тоо батална.

Өнгөрсөн жил тарьсан моднууд гэхэд дунджаар 20-30 см ургаад байна. Цагийн уртад ногоон төгөл, ой шугуй болон найгах "Тэрбум мод" хөдөлгөөн багагүй тэвчээр, хичээл зүтгэл шаардаж тэр хэрээрээ цөлжилт, шар шороон шуургыг багасгахад хувь нэмрээ оруулах нь.

Гэхдээ мод ургуулахад  учир бий, суулгац сонгох, услах ус, хамгаалалт гээд олон зүйл нөлөөлдгийг мартаж болохгүй. Тэр бүгдийг нэг дор бэлтгэж байж эхлээрэй гэдгийг мэргэжлийн судлаач, ойн инженерүүд онцлон зөвлөж буйг хүргэе.


Мод тарих ажил нүх зөв ухахаас эхэлдэг

/"Ногоон харш" компанийн захирал Ц.Баяр/

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эхэлснээс хойш бидний  тарьдаг байсан мод, суулгацын тоо эрс нэмэгдсэн. Энэ жил гэхэд бид 4000мкв хүлэмж байгуулсан. Мод суулгац асуусан хүмүүсийн тоо ч нэмэгдсэн. Ойрын өдрүүдэд намрын мод тарих өдрүүдтэй зэрэгцэн олон хүн утасдаж мод тарих талаар асууж сураглаж байна.

Нэн түрүүнд зөвлөхөд мод тарих ажил нүх ухахаас эхэлдэг.  Модны үрийг жижигхэн юм чинь гээд багавтар нүх ухдаг нь маш буруу ойлголт юм. Хамгийн багадаа 60:60 диаметрийн гүн ухаж тэр хавийнхаа хөрсийг ч бас сийрэгжүүлэх ёстой.

Намрын усалгааг 10 дугаар сарын дунд үеэс 15 хоногт нэг удаа хийгээд 11 дүгээр сард цэнэг усалгааг сайтар хийгээрэй. Намар тарьсан мод тайван өвөлжиж хөрсөндөө хурдан дасан зохицдог онцлогтой. Иймээс намар тарьсан мод баталгаатай ургадаг. Ер нь тарих аргачлал зөв бол намар хаварт ялгаагүй ургадаг юм шүү.

Жил ирэх тусам иргэдийн мод тарих арга барил, сонголт хүртэл өөр болж байгаад олзуурхдаг. Жишээ нь өмнө иргэд ургаж л байвал ямар ч хамаагүй мод ургамал худалдан авч тарьдаг байлаа. Одоо бол сорт, нэр төрөл, харагдах үзэмж гээд олон талаас нь сайтар судалж сонгодог болчихсон.

Мод олон жил насалдаг учраас анхнаасаа зөв газар сонгож тарих ёстой. Хэдэн жилийн дараа шилжүүлнэ гэвэл ургуулсан мод, зарцуулсан цаг хугацаа хайран тул төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй. Иймээс аль болох мод тарихдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөе.

Өмнө нь модны үр түүх, мод суулгац асуудаг хүн өнөөдрийнх шиг олон байгаагүй

/“Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул/

Өмнө модны үр түүх, мод суулгац асуудаг хүн өнөөдрийнх шиг олон байгаагүй. Мод тарих ажлыг хөдөлгөөн болгож зарлана гэдэг аргагүй л нөлөөтэй юм байна. 

Эрдэнэт үйлдвэр гэхэд 100 сая мод тарихаар төлөвлөсөн. Анх ийм их мод тарина гэж хэлэхэд хүмүүс итгэдэггүй, үнэндээ дурамжхан хүлээн авч байсан юм. Гэтэл өнөөдөр жил орчмын дараа гэхэд сая орчим ширхэг мод тарьжээ. Өнгөрсөн намар тарьсан хайлаас гэхэд 20-25 см ургасан байна.

Ер нь мод тарихад үр их чухал байдаг. Цэг шиг жижигхэн тэр үргүйгээр мод үржүүлгийн ажил явахгүй. Тэр жижиг үрээс хэдэн 100 жил амьдрах амьд ургамал үүснэ. Үүнийг арчилж өсгөн үржүүлнэ. Монгол Улсын түүхэнд анх удаа Эрдэнэт үйлдвэр модлог ургамлын Генетик нөөцийн төвийг байгуулж байгаа. Мөн жилд 10 сая тарьц үйлдвэрлэх Шведийн автомат “мод үржүүлгийн газар” байгуулна. Эдгээр нь ойн инновацын парк болно. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарихын тулд Эрдэнэт үйлдвэр шинжлэх ухааны үндэстэй цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнийг дангаараа  хэрэгжүүлээгүй. Шинжлэх ухааны академийн эрдэмтдээс хөрс, үр, мод үржүүлгийн талаар байнга зөвлөгөө авч ажиллаж байна


Мод тарьвал, ногоо тарьвал боломж их

Фотог Narandelger Purevdorj

/Ногоон Ази сүлжээ ТББ-ын зөвлөх Ким Сон Чоль/

Монголчууд нийтээрээ мод тарих ажил эхлүүлж эхнээсээ үр дүнд хүрч байгааг харахад сайхан байна. Мод тарьсан газар элсний нүүдэл зогссон талаар олон хүн хэлдэг. Олон газрыг ийм болгомоор байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шаардлагатай. Тиймээс сайн төлөвлөгөө боловсруулж, ганц нэг газар биш, олон газар цөөн хүний хүчээр үр дүнтэй тариалалт хийх нь чухал юм.

Хүнсний ногоо таривал газар хагарна. Газар хагарвал шороо шуурна. Тиймээс заавал мод тарих хэрэгтэй. Ногоо тарьсан ч мод тарих хэрэгтэй. Тэгвэл газрын шимийг зөв, сайхан хүртэнэ. Миний хувьд тэр моддын хажууд хүнсний ногоо тарихыг хүсч байна. Монголын байгаль гоё. Ер нь бүх зүйл нь гоё. Монголчууд ихэвчлэн санхүүгийн асуудлаасаа болоод л “Амьдрах хэцүү байна” гээд мөнгө олохоор гадаад руу явах сонголтыг хийж байгаа. Гадаад руу явбал хэцүү шүү дээ. Ганцаараа явбал бүүр хэцүү. Харин эх орондоо гадаад руу явахаас илүү их орлоготой болох боломжтойг мэдчихвэл явахгүй. Тэгж болно. Мод тарьвал, ногоо таривал ийм боломж байгаа.


Монголчуудын мод тарих туршлагыг ирж судалдаг болсон

/"Монполимет" группийн Гүйцэтгэх захирал С.Энхтуяа/

Эхний жилүүдэд бид мод тарих гэж сурч, судалж гадагшаа явдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд биднээс суралцахаар ирдэг болсонд олзуурхдаг. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд Этиоп улсын Засгийн газраас судлаачид ирж бидний нөхөн сэргээх ажлын үр дүнтэй танилцсан. 

Газар дээр танилцаад туршлага хуваалцсан жил бүр маш олон оюутан судлаачид туршлагатай танилцах боломжтой.  Жишээ нь л модны ургалтад сайнаар нөлөөлдөг био бортог гаргасан. Ингэснээр модны үндсийг гэмтээхгүйгээр шилжүүлэн суулгах боломжтой болсон. Түүнчлэн хавар намар гэж хязгаарлалгүйгээр зуны цагт ч мод тарих боломж бүрдэж байгаа юм. 

Хашаа том газар биш ч мод сөөг тарьж тохитой орчин бүрдүүлэхэд боломжийн талбай шүү дээ

/Биологийн ухааны доктор профессор, дендрологич Б.Чимид/

Хүрээлэн буй орчноо бохирдол багатай байлгаж, өөрсдөө ч тав тухтай амьдрахын тулд  хийх энгийн зүйл олон бий. Тэр чинээгээрээ айлын амьдрал байгаль орчин, экологид ээлтэй, амьжиргаа нь чанартай болно шүү дээ. Зарим нь мод тариад яахав дээ, жимсний мод тарилаа гэхэд хотын бохирдолтой орчинд жимсийг нь идэх биш гэдэг.  Жимсийг нь идэхгүй юм гэхэд орчноо сайжруулах энгийн арга шүү дээ.Ойрын хэдэн жилд мод тарьж, хашаагаа тохижуулах хүмүүс нэмэгдэж байгаа нь олзуурхууштай.

Ихэнх айлууд 0,07 талбай хашаатай, газраа чамлаж  "Энд юу л ургаа аж" гэж шалтаглан хойрго ханддаг тал бий. Хэдийгээр 0,4 том газар биш ч мод сөөг тарьж тохитой орчин бүрдүүлэхэд боломжийн талбай шүү дээ.