Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж, нийслэл хотод 2010-2018 онуудад 2.2 сая ширхэг модыг тарьж суулгасан байдаг.


Мод тарих үндэсний өдрийг угтан “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай болон дүүрэг тус бүрт 4-р сарын 28-аас 5-р сарын 14-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран зохион байгуулж байгаа билээ.

 
Хаврын мод тарих нэгдсэн арга хэмжээ нь Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгоны нутаг дэвсгэр дэх “Мөрөөдлийн ой” төслийн талбай, дүүргүүдээс зохион байгуулалттай талбайд тус тус зохион байгуулагдана.


Тус арга хэмжээнд Нийслэлийн удирдлагын төлөөлөл, БХБЯ-ны төлөөлөл, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, Жаргалант тосгоны иргэдийн төлөөлөл, ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож хайлаас, шар хуайс, агч зэрэг 500 орчим суулгацыг тарьж ургуулахаар төлөвлөжээ.


Хогийн цэг байсан “Мөрөөдлийн ой” төслийн талбай нь 100 га хэмжээтэй бөгөөд 2018-2027 оны хооронд жил бүр 10 га талбайг ойжуулахаар ажиллаж буй.

Ингэснээр хөрсийг дахин сэргээхээс гадна хотын хувьд салхины дээд хэсэгт ойжуулалт хийх нь тоосжилт бууруулах, хүчилтөрөгчийн хангамж нэмэгдүүлэх, төгөл, ойг дагасан бичил экосистем үүсэх, биологийн төрөл зүйлийн тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. 

Улаанбаатар хот, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын Байгаль орчны газрууд хамтран 2018 оноос эхэлж уг төслийг хэрэгжүүлж буй.
Нийт иргэддээ шинээр тарьц суулгац суулгахаас гадна өмнө нь тарьсан модоо арчилж цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэх, хөрс сийрүүлэх, ойр орчмын шар өвсийг цэвэрлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

Дашрамд дуулгахад,  50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая 640 мянган төгрөгөөр үнэлэгдэх агаар цэвэршүүлж, 45 сая 750 мянган төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэгдэх хөрсний эвдрэлээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл та бид багахан мөнгөөр ганцхан суулгац худалдаж авч тариад арчлахад 197 сая 640 мянга орчим төгрөгөөр үнэлэгдэх баялагийг байгаль дэлхийдээ бэлэглэж чадна.