Тогтохбаярын Ариунзаяа
09 сарын 13, 2024
Энэ жилийн Парисын загварын долоо хоногт Монгол дизайнер Б.Батсүх эсгий, ус ашиглан гар аргаар урладаг “Bajuna” брэндийн бүтээлүүдээрээ оролцохоор сонгогдсон юм. Түүний загварууд байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, ямар ч оёдолгүй бүтдэгээрээ онцлог.
Peak.mn сайт “Миний 17” булангийн энэ удаагийн дугаартаа хувцас дизайнер Б.Батсүхийг /Bajuna/ урьж ярилцлаа.
Дэлхийд үнэлэгдэх эсгийрүүлэх технологи
Хонины ноосыг ус ашиглан эсгийрүүлж хувцас хийх технологийг анх багшаасаа сурч байлаа. Багш минь Москвагийн нэхмэлийн сургуулийг төгссөн мэргэжлийн текстил дизайнер Б.Мөнхсоёл гэж хүн бий. Тухайн үед эсгий урлал сайн хөгжөөгүй учраас эсгий дээл, пальто гэдэг шинэлэг ойлголт байлаа шүү дээ. Харин энэ технологийг хөгжүүлж эсгийгээр бүтээл урлана гэж зүтгэсээр “Bajuna” брэндээ үүсгэн байгуулсан түүхтэй.
Зөвхөн ус ашиглан эсгийрүүлдэг энэ технологи дэлхийн хаана ч байхгүй. Түүнээс гадна бүтээлээ урлахдаа ямар ч зүү утас ашигладаггүй гэдгээрээ онцлог. Хувцасны халаас, чимэглэл зэрэг деталь бүрийг эсгийрүүлж хийдэг гэсэн үг. Тиймээс бүтээл бүр дахин давтагдашгүй өнгө будаг, хэв маяг, загвартай болдог. Миний хувцаснууд дэлхийд цор ганц гэдгийг бардам хэлж чадна.
Эсгий урлал бол байгальд ээлтэй үйлдвэрлэл
Ноосыг эсгийрүүлэх технологи бол бидний өвөг дээдсийн үлдээсэн өв соёл. Эрт үеэсээ л ноосыг усаар норгоод, мориор чирүүлж эсгийгээ хийдэг байсан. Харамсалтай нь энэ соёл уламжлалаа 100 жил хүрэхгүй хугацаанд мартчихсан байна шүү дээ. Орчин цагт эсгий, ноос хоёрын ялгааг мэдэж байгаа хүн ховор байна. Угтаа бид чинь эртнээс эсгий гэртээ амьдарч ирсэн эсгий туургатны үр хойч юм шүү дээ.
Монголчуудын баялаг бол мал аж ахуй. Шуудхан хэлэхэд бидэнд хониноос их юм байхгүй. Хониныхоо ноосыг ч байгальд ээлтэйгээр зөвхөн ус ашиглаад л хувцас эдлэлээ хийчихдэг энэ чадвар бол маш гайхалтай.
Эсгий хувцас амьтны амь таслахгүйгээр бүтдэг гэдгээрээ онцлог. Мөн эргээд байгальдаа 100 хувь шингэдэг. Би бүтээгдэхүүнээ борлуулахдаа сонины цаасанд боогоод, нэрийн хуудсаа хавчуулаад өгдөг. Хамаагүй пластик хайрцаг, уут хэрэглэчихвэл байгальд ээлтэй, эко байх мөн чанар нь алдагдчихна шүү дээ. Энэ бол өдийг хүртэл бүтээсэн үнэ цэнээ хайрлаж байгаа хэрэг.
Бичлэг үзэх:
Парисын загварын долоо хоногоор өөрсдийн өв соёл, давуу тал, ондоошлыг сурталчилна
Урлан дээр ирээд хувцсыг маань худалдаж авсан гадаад хүмүүс үнэхээр сэтгэл хангалуун буцдаг. Ялангуяа Европчууд "Дэлхийд цор ганц хувцас авчихлаа" гээд маш өндөр сэтгэл хөдлөлтэй байдаг. Харин монголчууд бид өөрсдийн өв соёл үнэт зүйл болсон эсгий хувцсаа үл тоогоод байна уу даа гэж хардаг. Нэг сонирхолтой түүх байдаг юм. Японоос Монголд төсөл хэрэгжүүлдэг захирал манайхаас ирээд нэг хувцас өмсөж үзээд шууд авсан юм. Тэгтэл ямар ч сэтгэл хөдлөл гаргаагүй. Би гайхаж, өмнө нь надаас хувцас авч байсан Европчууд шиг л хариу үйлдэл үзүүлнэ гэж бодсон юм. Тэгээд би “Наад хувцас чинь Монголд ч биш, дэлхийд цор ганц хувцас шүү” гээд хэлтэл гайхаад л гарсан. Арга ч үгүй биз. Зүгээр нэг подвалоос дэлхийд цор ганц хувцас авна гэж төсөөлөөгүй байх.
15 жил энэ чиглэлээр ажиллахдаа урлалуудаа “Гоёл наадам”-д оролцохоос өөрөөр хүмүүст танилцуулж чадаагүй л явна. Харин энэ жил Парисын загварын долоо хоногт оролцох болсон нь өөрсдөд байгаа өв соёл, давуу тал, ондоошлыг олон улсад мэдүүлэн таниулж, эсгий урлал, Монгол өв уламжлалыг дэлхийд сурталчлах боломж юм. Мэдээж тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа. Соёлын болон бизнесийн байгууллагуудаас дэмжлэг хүсэж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
Ноосыг эсгийрүүлэх технологийг үйлдвэржүүлэх боломж бүрэн бий
Хааяа олон тооны эсгий урлалын захиалга орж ирдэг юм. Тийм ачаалалтай үедээ багш бид хоёр цөөн тооны хүн цалинжуулаад эсгийрүүлэх технологио зааж зөвлөөд хамтарч ажилладаг. Ер нь өөрсдийгөө мэргэжлийн түвшинд ажилладаг гэж боддог. Учир нь пальтонд хэдэн грамм ноос орох, даашинзанд хэдэн грамм ноос орох зэргийг хүртэл нарийн тооцоод системчилсэн гэхэд болно. Энэ технологийг цааш нь хөгжүүлээд, үйлдвэржүүлэх төлөвлөгөө бий. Тэгж чадвал дотооддоо түүхий эдээ боловсруулах, олон хүнийг ажлын байртай болгох боломж харагдаад байгаа.
Өөрөөр хэлбэл нэг кг ноосыг олон сая төгрөгийн үнэд хүргэх, Монголд ирсэн гадаад жуулчид заавал нэг эсгий урлал худалдаж аваад буцдаг соёлыг бий болгох боломж хангалттай бий. Учир нь бидэнд оюуны чадамж болоод түүхий эдийн нөөц хангалттай байгаа шүү дээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.